ТЦА-ны алба хаагчид Цогтцэций сумаас "Гашуунсухайт" боомтын замд ажиллаж байна

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-18 13:52:04
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ТЦА-ны Замын цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Дашдоржоор ахлуулсан ажлын хэсэг 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Ханбогд сумын нутаг дэвсгэрийн “Гашуун сухайт” хилийн боомт хүртэлх замд ажиллаж байна.

Боомт хүртэлх 237 километр авто замаар нүүрс тээвэрлэгч байгууллага, иргэдийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, авто замын тэмдэг, тэмдэглэгээ эвдрэлийн байдалд үзлэг хийж байна. Түүнчлэн Ханбогд сум дахь цагдаагийн хэлтэс, тасаг, Өмнөговь аймгийн гэрээт цагдаагийн тасгаас энэ онд замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, гудамж замын хөдөлгөөнд тавих хяналт, шалгалтын чиглэлээр хэрэгжүүлсэн ажилтай танилцаж, үнэлэлт дүгнэлт өгөх юм. Мөн жолооч нарт Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, шинэ дүрмийн талаарх сургалт явуулан, тэдний санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэн ажиллаж байна. 

Энэ ажлын хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сум, Ханбогд сумын Хайрхан баг “Цагаан хад”-ийн нутаг дэвсгэрт нүүрс тээвэрлэлтийн ажил эрхэлдэг тээврийн байгууллагын 550 жолооч нар сургалтад хамрагдаж,  энэ сарын 16-ны өдөр “Гашуун сухайт” хилийн боомтод ирж ажилласан ЗТХ-ийн сайд, Эрүүл мэндийн сайдад зам тээврийн гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, жолооч нарын хөдөлмөрлөх нөхцлийг сайжруулах, аюулгүй ажиллагааг хангах, тэднийг осол гэмтлээс хамгаалах чиглэлээр зохион байгуулах ажил, арга хэмжээний талаарх саналаа танилцуулан ажиллалаа.

Уг ажлын хэсэг энэ сарын 22-нийг хүртэл Өмнөговь аймагт ажиллана. 

Холбоотой мэдээ