Мишигийн Жавган агсны 80 насны ойг тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2018-12-11 22:32:57
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. С.Буяннэмэхийн нэрэмжит аймгийн Номын сан, “Замбуу тив” утга зохиолын нэгдэл, “Дундговь урлаг“ сантай хамтран Монголын үргэлжилсэн үгийн болон орчин үеийн киноны нэрт зохиолч Мишигийн Жавган агсны 80 насны ойд зориулан “Утга зохиолын өдөрлөг”-ийг 12 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулжээ.

Нэрт зохиолч М.Жавган Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул.

Түүний мэндэлсний ойд зориулсан өдөрлөгийн үеэр “Мишигийн Жавганы тухай” баримтат кино үзүүлж, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Зандраабайдий “Мишигийн Жавганыг мартах аргагүй”,  ахмад зохиолч Х.Шонхор “Миний найз Жавган” дурсамжаа хүүрнэсэн бол ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн дуун ухааны сан хөмрөгийн эрхлэгч, доктор Д.Болормаа “М.Жавганы хувийн архив дахь гар бичмэл эхүүдийн тухай” илтгэл тавьсан байна.

Мөн Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчид түүний уран бүтээлээс толилууллаа.

Аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, Засаг дарга О.Бат-Эрдэнэ нар нутгийнхаа нэрт зохиолчийг хүндэтгэн тус өдөрлөгт оролцож, мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Засаг дарга О.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ: “Монголын утга зохиол, кино урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан энэ эрхэм хүнийг залуу хойч үед сурталчлан таниулж, тэдний бахархал болгон алдаршуулах нь манай боловсрол, соёл урлагийн салбарын ажилтнуудын үүрэг болж байна” хэмээгээд ойн ажиллагаанд хүрэлцэн ирсэн зохиолч, найрагчид, хэл шинжлэлийн эрдэмтэн судлаачид, М.Жавганы төрөл төрөгсдад талархал илэрхийллээ.

Холбоотой мэдээ