Хүндийн өргөлтийн УАШ тэмцээн Сүхбаатар аймагт болно

ОРОН НУТАГТ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-03-03 12:06:17

Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруудах тэмцээн Сүхбаатар аймагт анх удаа зохион байгуулагдах гэж байна. Монголын бүх ард түмний 14-р их наадмын хүрээнд энэхүү тэмцээн нь болох юм.

Тэмцээнийг Монголын хүндийн өргөлтийн холбоо, Сүхбаатар аймгийн ЗДТГ, Биеийн тамир спортын газар болон бусад ивээн тэтгэгч компаниуд хамтран зохион байгуулах юм байна.

Зохион байгуулалтыг орон нутагт хариуцсан албан газар, удирдах ажилтнууд бэлтгэл ажилдаа оржээ. Энэ жилийн тэмцээнийг орон нутагт зохион байгуулж буйн гол зорилго нь хүндийн спортыг орон нутгийн ард иргэд, хүүхэд багачуудад сурталчлах, тамирчдын хүрээг тэлж, тэдний чансааг сайжруулах, удахгүй болох Рио-2016 олимпийн наадмын эрх олгох тэмцээнд оролцох тамирчдаа дэмжих явдал юм. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй хоёр төрлөөр олон улсын хүндийн өргөлтийн дүрмийн дагуу зохиогдох бөгөөд нэг баг 15 тамирчинтай байна.

Сүхбаатар аймгаас 10-аад тамирчид оролцохоор бэлтгэлээ хийж байна. Улаанбаатар хотын клубуудээс тамирчдын зарим нь мөн Сүхбаатар аймгийн нэр дээрээс оролцохоор болжээ.

Тэмцээн 3 сарын 11,12,13-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын зааланд болно.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ