Үндэсний номын сан 95 "нас" хүрлээ

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2016-03-02 16:20:11

Монгол Улсад орчин цагийн номын сан үүсч, Үндэсний номын сан байгуулагдсаны 95 жилийн ойн хүрээнд хийх үйл ажиллагааны нээлт өнөөдөр боллоо.

Монгол түмнийхээ бичиг соёлын гайхамшигт өвийг хадгалж хамгаалан, түгээн дэлгэрүүлж ирсэн Монгол Улсын Үндэсний номын сан түүхэндээ Судар бичгийн хүрээлэнгээс эхлэн Улсын номын сан, Улсын нийтийн номын сан, Улсын төв номын сан, Үндэсний номын сан нэрээр үйл ажиллагаагаа явуулж иржээ.

“МУҮНС-95 жил” нээлтийн үйл ажиллагааг Үндэсний номын сангийн захирал А.Нансалмаа нээж, БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Баяраа нийт номын санчдад баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Энэ үеэр ой угтаж эхлүүлсэн томоохон ажлууд болон ойн хүрээнд цаашид хийх ажлуудын талаар товч танилцуулав. Мөн “МУҮНС-95 жил” видео танилцуулга үзүүлж сонирхуулав. 1921 онд Монгол Улсад бүх нийтэд үйлчлэх анхны орчин үеийн номын сан үүдээ нээж, 95 жилийн түүхэн хугацаанд нийтийн болон төрөлжсөн номын сангууд олноороо байгуулагдан соёлын үйлчилгээний хүрээ хүртээмжийг нэмэгдүүлэх, ард иргэдэд мэдлэг мэдээллийг түгээх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсан билээ. Ийнхүү номын сан байгуулагдсан цагаас өнөөг хүртэлх түүхийг видео танилцуулгад оруулжээ.

Түүнчлэн “Бид номын санчид” видео танилцуулгад Номын их өргөөнд ажиллаж, номын санч гэх нэр хүндтэй алдрын эзэн болж, ном соёлыг түгээж яваа ховор хувь тавилантай номын санчдынхаа мэргэжлийн онцлогийг харуулжээ.

“МУҮНС-95 жил” фото үзэсгэлэнд 1921-2015 онд болсон томоохон үйл явдлуудыг багтаасан номын сангийн түүхэн баримтуудыг оруулжээ.

Нээлтийн үйл ажиллагаанд БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Баяраа, Соёлын өвийн хэлтсийн  мэргэжилтэн Д.Бямбасүрэн, СГЗ Г.Аким, нийтийн болон их, дээд сургуулийн номын сангийн удирдлагууд, Соёлын сургуулийн багш нар, номын санчид нийт 200 орчим зочид төлөөлөгч оролцов.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ