Завхан аймаг түлшний гачаалаас гарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 19:14:33

Завхан аймаг түлшнийхээ хэрэгцээг хангах боломж дуулдав. Учир нь Завхан аймагт нүүрсний орд илэрчээ.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Завхан аймгийн нутаг дэвсгэрт нүүрсний тандан судалгаа, хайгуулын ажил хийгдэж Дөрвөлжин сумын Сэвстэй, Түдэвтэй сумын Булууцагаан, Эрдэнэхайрхан, Нөмрөг, Тэлмэн сумдын нутагт нүүрсний арваад орд, илэрц байгааг тогтоожээ. Дашрамд дуулгахад Завхан аймаг 250 орчим км холоос нүүрс тээвэрлэн хэрэгцээгээ хангадаг. Тиймээс төрийн байгууллагууд болон аж ахуйн нэгж, айл өрхүүд өвлийг давахын тулд их хэмжээний мөнгийг зөвхөн тээвэрлэлтийн зардалд төлдөг. Тухайлбал аймгийн хэмжээгээр арав гаруй тэрбум төгрөгийг түлээ, нүүрсэнд зарцуулдаг гэсэн судалгаа гарчээ.

Мөн аймгийн говийн зургаан сумд шаваг, тэсэг зэрэг модлог ургамлыг түүж түлшинд ашиглахыг хориглосон. Энэ нь нүүрс түлээний өртөгийг улам бүр нэмэгдүүлдэг байна. Мөн байгалийн модыг нойтноор нь хууль бусаар огтлох, говийн хөрс, элсний нүүлтийг барьж буй гол ургамал болох шаваг, тэсэгийг их хэмжээгээр түүж түлшинд хэрэглэж байгаа энэ нөхцөлд илрээд байгаа нүүрсний ордоо ашиглаж эхэлвэл говийн сумд түлшний гачаалаас гарч байгаль орчинд сайн нөлөө үзүүлэх байх хэмээн иргэд найдаж байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ