ЭЕШ-ын бүртгэлийг сургуулиас томилогдсон эрх бүхий хүн зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-19 11:37:40

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 2016 оны 2 сарын 15-ны 9 цагаас орон даяар эхэллээ. Бүртгэлийн үйл ажиллагааг 4 сарын 25-ны 18 цаг хүртэл онлайнаар зохион байгуулах юм.

Өвөрхангай аймагт өнгөрсөн жил анхны 12 дугаар анги төгсөлтөө хийсэн учраас харьцангуй цөөн, 950 хүүхэд төгссөн байна. Энэ жил хоёр дахь төгсөлтийн 12 дугаар ангид 1450 хүүхэд суралцаж байгаагийн дээр өмнөх онуудад ЕБС, МСҮТ төгссөн 100 гаруй хүүхэд ЭЕШ өгөх аж.

Түүнчлэн өмнөх жилд их, дээд сургуулийн сургуулийн 852 хувиар ирж байсан бол энэ жил 1000 орчим хуваарь ирэх төлөвтэй байгаа юм.

“Энэ жил Ерөнхий боловсролын сургууль бүрээс нэг хүн томилогдож, анги удирдсан багш нартайгаа хамтраад сурагчдынхаа бүртгэлийг зохион байгуулна. Хүүхдүүд шалгалт өгөх хичээл бүрийнхээ тоогоор 5800 төгрөгийн хураамжийг бодоод ангийн багшдаа хураалгана. Анги удирдсан багш бүх хүүхдийнхээ мөнгийг Боловсролын үнэлгээний төвийн дансанд тушаагаад Боловсрол, соёлын газраас 16 оронтой код авна. Өөрөөр хэлбэл хүүхдүүд өөрсдөө онлайнаар бүртгүүлэхгүй, сургуулиас томилогдсон эрх бүхий хүн хүүхдүүдийг бүртгэнэ гэсэн үг юм. Өмнө онд төгссөн хүүхдүүд БСГ-ын 411 тоотод ирж бүртгүүлнэ” хэмээн БСГ-ын мэргэжилтэн г.Лхагва хэллээ.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ