“Угийн бичигтэн удмынхан” гэрчилгээг таван иргэнд гардуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-02-09 16:17:51

Ураг удмаа судалж, угийн бичгээ үлгэр жишээ хөтөлж яваа иргэдэд “Угийн бичигтэн удмынхан” гэрчилгээ гардуулахаар болсон байна.

Өнгөрсөн оны туршид Дундговь аймаг “Өрх бүр удмын бичгээ хөтөлье” аяныг нийт ард иргэдийнхээ дунд өрнүүлсэн. Аян зохион байгуулах ажлын хэсэг аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулан ажилласан бөгөөд ажлын хэсэг сар шинийн баярын өмнөхөн аяныг дүгнэжээ.

 Нийт 8 сумаас шалгарч ирсэн 24 угийн бичгээс Сайнцагаан сумын иргэн Хулан овогт Ц. Дэлгэрбуян, Хилч овогт Ц. Бумангэрэл, Бартагт овогт Б.Цэнгэлсайхан, Сор-Уул овогт Ц. Ламчинсүрэн, Дэлгэрцогт сумын иргэн Олонхууд овогт У. Уугантуяа нарын хөтөлж яваа угийн бичгийг хамгийн олон үеэ судалж хөтөлсөн, үлгэр жишээч угийн бичгээр шалгаруулсан байна. Эдгээр иргэн өөрөөс дээш 5- 6 үе, хамгийн олон нь 9 үеэс угийн бичгээ эхлэн хөтөлсөн байна.

Тэдэнд “Угийн бичигтэн удмынхан” гэрчилгээг шинийн 8- ны өдөр аймгийн Засаг дарга гардуулна.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ