Грект бүх нийтийн ажил хаялт болж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-02-04 11:35:39

АФИН. /TASS/. Грекийн Засгийн газрын явуулж буй тэтгэвэр болон нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх бодлогыг эсэргүүцсэн бүх нийтийн 24 цагийн ажил хаялт пүрэв гарагт буюу өнөөдөр болно.

Ажил хаялтад худалдаачид, бизнес эрхлэгчид, эмч нар, эмзүйчид, өмгөөлөгчид, нотариатчид, инженерүүд, татварын ажилтнууд оролцоно. Хот, мужуудын захиргааны ажилтнууд мөн ажилдаа ирэхгүй. Грекийн “Уур хилэнгийн өдөр”-т бас ачаа тээврийн компаниудын жолооч нар, таксины жолооч нар болон далайчид нэгдэнэ. Хоёрдугаар сарын 4-нд мөн шатахуун түгээх станцууд хаалттай байна. Грекийн фермерийн аж ахуй эрхлэгчид хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа ажил хаялтаа үргэлжлүүлж, өглөөнөөс эхлэн тус улсын автомашины гол замуудыг трактораар хаахаар төлөвлөжээ.

Харин Грекийн хэвлэл мэдээллийнхэн пүрэв гарагийн эсэргүүцлийн ажиллагааг сурвалжлахын тулд ажил хаялтаа нэг өдрийн өмнө буюу лхагва гарагт зохион байгуулжээ.

Бүх нийтийн ажил хаялтад бүгдээрээ оролцохыг Грекийн үйлдвэрчний томоохон эвлэл болох Бүх нийтийн хөдөлмөрийн холбоо мэдэгдэлдээ уриалсан байна.

Афинд санхүүгийн тусламж үзүүлэх гурав дахь хөтөлбөрт тусгасан хэмнэлтийн арга хэмжээний хэрэгжилтийн хүрээнд Грекийн Засгийн газар тэтгэврийн болон даатгалын тогтолцоог шинэчлэхээр төлөвлөж байгаа юм. Нийгмийн даатгалын шинэчлэлд тусдаа бие даасан сангуудыг нэгтгэж нэг болгох, Грекийн хөдөлмөр эрхлэгчдийн даатгалын хураамжийг нэмэгдүүлэхээр тусгасан бол зарим тэтгэврийн хэмжээг болон тэтгэврийн доод хэмжээг бууруулах замаар тэтгэврийн шинэчлэл хийхээр төлөвлөсөн нь грекчүүдийн дургүйцлийг ихээхэн төрүүлжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ