Өмнөд Солонгосын автомашины экспорт 8.3 хувиар буурчээ

Дэлхийд | Эдийн Засаг
nyamtulga@montsame.mn
2016-01-26 14:22:18

СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын автомашины экспорт 2015 оны дөрөвдүгээр улиралд 8.3 хувиар буурсан байна. Энэ нь БНХАУ болон ОХУ-д автомашины эрэлт буурсантай холбоотой юм.

10-12 дугаар сард Өмнөд Солонгос 10.7 тэрбум долларын автомашин экспортолсон нь нэг жилийн өмнөх үеэс буурсан үзүүлэлт юм гэж БНСУ-ын Гаалийн алба мэдэгдсэн байна. 2014 оны дөрөвдүгээр улиралд Өмнөд Солонгос 11.7 тэрбум долларын автомашин экспортолжээ.

Тус улсын автомашин үйлдвэрлэгчид өнгөрсөн оны 10-12 дугаар сард 774 мянган автомашин гадаад руу гаргасан нь 2014 оны мөн үеийнхээс /808000/ 4.3 хувиар буурсан байна.

БНХАУ болон ОХУ руу хийх нийлүүлэлт эрс багассан нь экспорт буурах шалтгаан болсон гэж БНСУ-ын Гаалийн алба үзжээ.

2014 оны 10-12 дугаар сард Өмнөд Солонгос БНХАУ руу 489 сая долларын автомашин экспортолсон үзүүлэлт нь 2015 оны мөн хугацаанд 38.3 хувиар буурч, 302 сая доллар болсон байна. Харин 2014 оны дөрөвдүгээр улиралд ОХУ руу хийсэн экспорт 364 сая доллар байсан нь 39.6 хувиар буурч, 220 сая доллар болжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ