Зөрчилтэй тээврийн хэрэгслийг ачих машин хэрэгтэй гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-25 16:10:58

Өвөрхангай аймаг нь баруун аймгуудын тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг төв магистрал хоёр замтай учраас зам тээврийн ослын дуудлага харьцангүй их ирдэг хэмээн холбогдох албанаас мэдээллээ.

Тухайлбал Арвайхээр сумаар Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгууд, Хархорин сумаар Увс, Завхан, Хөвсгөл, Архангай зэрэг аймгуудын тээврийн хэрэгслүүд дамжин өнгөрдөг бөгөөд жолооч нар согтуугаар эсвэл хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол хэрэг гаргах нь их байдаг байна.

Тиймээс хот хоорондын замд 50-100 км тутамд хөдөлгөөнт эргүүл ажиллуулах шаардлагатай тул шатахууны нэмэлт асуудлыг шийдвэрлэх, одоо ашиглаж буй мотоциклийн эдэлгээний хугацаа дууссан тул 4-5 мотоциклийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх, Өвөрхангай аймгийн хэмжээнд 3 сумын хэсгийн төлөөлөгч драйгер багаж буюу жолоочийн согтуурал шалгах багажтай, бусад 15 сум багажгүй учир тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа ажээ.

Ачаалал ихтэй болон бусдын хөдөлгөөнд саад учруулж зогсохыг хориглосон газарт зогссон тээврийн хэрэгслийг ачиж тээвэрлэн тусгай хашаанд байрлуулах ачигч тээврийн хэрэгсэлтэй болох, бэлэн бус хэлбэрээр торгох “шалгах төхөөрөмж” нэмж авахуулах, Нарийнтээл сумын нутаг “Далд Хавцгай”, Хайрхандулаан “Сүүж” хэмээх газарт зам тээврийн осол, хэрэг ихээр бүртгэгддэг тул мэдээллийн самбар байрлуулах зэрэг олон тулгамдсан асуудал байгааг аймгийн Замын цагдаагийн тасгаас холбогдох газруудад уламжлаад байгаа аж.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ