“Дорнын говь ХХК” мах боловсруулах үйлдвэрээ сэргээхээр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-09-12 23:04:40

 “Дорнын говь” ХХК Дорноговь аймгийн Сайншанд хотод байдаг  мах боловсруулах  үйлдвэрээ дахин сэргээж ашиглалтад оруулахаар болжээ. 2008 оны улс орныг хамарсан санхүү эдийн засгийн хямрал, болоод зүүн бүсийн аймгуудад жил дараалан ган зуд болсноос үүдэж тус компани мах боловсруулах үйлдвэрээ  зогсоож байсан  юм.

Харин энэ удаа дээрх үйлдвэрийг Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Суман зурхай” ХХК  гэрээгээр  ажиллуулахаар компанийн эзэдтэй  тохирч 300 гаруй сая төгрөгийн  санхүүжилтыг авч ажлаа эхэлсэн байна. Өдөрт 300 бог мал, 100 гаруй бод мал нядлах хүчин чадалтай энэхүү үйлдвэрийг сэргээж дотоод  засвар үйлчилгээг хийхээр ажиллаж буй бөгөөд тун удахгүй ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм. Өөрийн болон зүүн бүсийн аймгуудаас мах бэлтгэх, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах, борлуулах, хадгалах, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх   гээд хүнсний чиглэлээр орон нутагт хамгийн өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулах хүчин чадалтай энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор орон нутгийн эдийн засаг, хөгжил дэвшилд тусах үр өгөөж их буйг компанийнхан онцолсон юм. 

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд