"Лалын улс"-ын 10 толгойлогчийг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-12-30 09:50:20

ВАШИНГТОН. /NHK/. АНУ тэргүүтэй эвслийн агаарын цохилтоор “Лалын улс” бүлэглэлийн 10 толгойлогч, тэр дундаа, Парисын халдлагатай холбоотой хоёр толгойлогчийг устгасан гэж тус эвслийн хэвлэлийн төлөөлөгч, хурандаа Стив Уоррен мэдэгдэв.

Парисын халдлагыг зохион байгуулсан толгойлогчтой шууд холбоотой Сири дэх босогчийг өнгөрсөн пүрэв гарагт устгасан бөгөөд үүнээс хоёр хоногийн дараа уг халдлагад мөн холбоотой хоёр иракийг устгасан гэж тэрбээр мэдэгджээ.

Өрнөдийн орнуудад халдлага үйлдэж, үйлдэхээр төлөвлөж байгаа дотоодын бүлэглэлүүдтэй “Лалын улс”-ын толгойлогчид нягт холбоотой байгаа тухай тэрбээр дурдаад, тус бүлэглэлийн толгойлогчдыг чиглэсэн агаарын цохилтоо АНУ тэргүүтэй эвсэл эрчимжүүлнэ гэж мэдэгдсэн байна.

Өнгөрсөн сард Парис хотын концертын танхимд халдлага үйлдсэн этгээдүүдийн нэгний багын найзыг пүрэв гарагт Сирид устгасан гэж Францын “Le Parisien” сонинд мэдээлжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ