Банк дээрэмдсэн сэжигтнүүдийг баривчлан мөнгийг нь хураан авчээ

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-12-14 16:34:13

Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах Худалдаа хөгжлийн банканд буутай хоёр этгээд халдаж, 380 сая төгрөг дээрэмдсэн хэрэг өчигдөр 09.30 цагийн орчимд гарсан. Хэргийн дуудлагаар цагдаагийн албан хаагчид 15 минутын дараа газар дээр нь ирж анхны үзлэг хийгээд  шуурхай ажилласнаар гэмт этгээдүүдийг 24 цагийн дотор баривчилсан гэж Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Уг дээрмийн хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй төрсөн ах дүү хоёр болох 1992 оны Э, 1985 оны Б нар үгсэн тохиролцож үйлдсэн байж болзошгүй гэж цагдаагийн байгууллага сэжиглэн баривчилж, эд мөрийн баримт болгон 380 сая төгрөгийг хураан авч, мөрдөн байцаалтын ажлыг эхлүүлжээ. 

Худалдаа хөгжлийн банкны “Таван шар” тооцооны төв  нь амралтын өдрүүдэд ажилладаг. Банкны ажилтныг ажил руугаа орох үед гэмтнүүд араас нь дагаж орон улмаар буу тулган дээрэм хийсэн байна. Буутай этгээдүүд банкны ажилтнаас мөнгө нэхэж шүүгээгээ онгойлгохыг шаардан тааз руу нэг удаа бууджээ. Айж, сандарсан банкны ажилтан мөнгөө гаргаж, уут саванд хийж өгсөн байна. Хэргийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд нарийвчлан шалгаж байна. Хяналтын камерын дүрс бичлэгийг устгасан, эсвэл орохоосоо өмнө хяналтын камеруудын утсыг тасалснаас камерт бичигдээгүй зэрэг нь урьдаас төлөвлөсөн гэдгийг ч нотолж байгаа юм.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ