Ерөнхий боловсролын сургуулийнсурагчид хулгайн хэрэгт холбогдох нь ихэсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай аймгийн хэмжээнд он гарсаар 23 гэмт хэрэгт 34 хүүхэд холбогдсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс хоёр хэргээр өсчээ.
Тухайлбал бусдын эд хөрөнгийг хулгайлах хэрэгт 12, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах, хүчиндэх хэрэгт тус бүр хоёр, танхайрах хэрэгт мөн хоёр хүүхэд холбогдсон байна.
Гэмт хэрэгт холбогдож буй хүүхдүүдийн дийлэнх нь 14-17 настай бөгөөд 87 хувь нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид байгаа юм. Тэдний үйлдсэн нийт гэмт хэргийн 50 гаруй хувийг хулгайн хэрэг эзэлж байна. 12 сарын эхээр төв захад байрлах “Очир хурд” гар утас худалдаалах төвөөс 30 орчим сая төгрөгийн утас, бусад эд зүйл хулгайлсан хэрэг гарсныг Цагдаагийн газраас шуурхай олж тогтоосон бөгөөд дунд сургуулийн сурагчид энэхүү хэргийг үйлдсэн байжээ.
Мөн он гарсаар хүүхдийн эрх ашиг хохироосон гэмт хэрэг 50 бүртгэгдсэн ба үүний дотор болгоомжгүй байдлаар амь насаа алдсан хүүхдийн тоо 12 байна. Түүнчлэн 8 хүүхэд хүчиндүүлсэн байна. Гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдүүдийн 19 нь эмэгтэй, 31 нь эрэгтэй агаад сургуулийн сурагч 32 байна.
Амь насаа алдсан 0-6 насны 12 хүүхэд нь эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналтгүй байдлаас шалтгаалсан бол бага насны эмэгтэй хүүхдийг сэтгэц мэдрэлийн өвчтэй хүнтэй ойр байлгах, хойд эцэгтэй байх зэрэг асуудлаас хүчингийн гэмт хэргүүд гарч байгаа гэх мэдээллийг аймгийн Цагдаагийн газрын байцаагч, ахмад Г.Уранбат өглөө.
Б.Батчимэг