“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн нээлт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-12-03 02:52:11

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

 

Ерөнхийлөгч айлчлалынхаа хүрээнд манай улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн нээлтэд оролцлоо. Тэрбээр, 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгох санаачилгыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2022 онд баталсанд баяртай байгаагаа илэрхийллээ.


Олон улсын жил нь дэлхийн улс орнуудын хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, бэлчээрийн тогтвортой менежмент болон нөхөн сэргээлтийг дэмжих, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн үнэлэмжийг дээшлүүлэхэд чухал хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.


Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтолтой тэмцэх, хүнсний хангамжийг сайжруулах зэрэг зорилгоор “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт” гэсэн хоорондоо нягт уялдаатай үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр хэрэгжүүлж байгааг тэмдэглэлээ.

 

Мөн 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд улс орнуудыг идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг уриаллаа. “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн нээлт Ром хот дахь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төв байранд боллоо гэж ЕТГ-аас мэдээллээ.




関連ニュース