Ангараг гаргийн соронзон оронг судлах аппаратуудыг “New Glenn” пуужингаар хөөргөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2025-11-14 15:59:05

НЬЮ-ЙОРК, 2025 оны арваннэгдүгээр сарын 14 /TASS/. АНУ-ын гараг судлаачид Ангараг гаргийн соронзон мандлын шинж чанарыг судлах зорилгоор бүтээсэн “ESCAPADE” нэртэй гараг хоорондын хоёр автомат станцыг /зонд/ тэрбумтан Жефф Безосын үүсгэн байгуулсан “Blue Origin” компанийн “New Glenn” зөөгч пуужингаар сансарт амжилттай хөөргөжээ. 


Уг зөөгч пуужинг Флорида муж улсын Канавералын хошуун дахь сансрын хөлгийн буудлаас орон нутгийн цагаар пүрэв гаргийн 15:55 цагт хөөргөжээ. Хөөргөснөөс 34 минутын дараа хоёр зонд Ангараг гаргийн чиглэлд пуужингаас саллаа гэж “Blue Origin” компани мэдээлжээ. Зондууд 2027 оны есдүгээр сард Ангарагийн тойрог замд хүрэх төлөвтэй байна. 


Хөөргөх ажиллагааг 11 дүгээр сарын 9-нд явуулахаар товлосон байсан боловч цаг агаарын таагүй нөхцөл болон нарны идэвхжил нэмэгдсэнтэй холбоотойгоор хоёр удаа хойшлуулжээ.


Илон Маскийн “SpaceX” компанийн пуужинтай өрсөлдөхүйц гэж үзэж байгаа “New Glenn” зөөгч пуужинг хоёр дахь удаагаа хөөргөсөн нь энэ юм. Анхны туршилтын хөөрөлт 2025 оны нэгдүгээр сард болсон бөгөөд пуужин урьдаас тооцоолсон тойрог замд амжилттай гарсан хэдий ч пуужингийн эхний угсрааг Ж.Безосын ээжийн нэрээр “Jacklyn” хэмээн нэрлэсэн Атлантын далай дахь хөвөгч тавцанд буцааж буулгаж чадаагүй юм. Харин энэ удаад эхний угсрааг амжилттай газардуулж чаджээ.


ESCAPADE нь АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн /NASA/ "SIMPLEx" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй төсөл юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд NASA гараг судлалын жижиг, өртөг багатай төхөөрөмжүүдийг зохион бүтээж, сансарт хөөргөж байгаа ажээ. Хөтөлбөрийг 2015 онд эхлүүлснээс хойш түүнд оролцогчид сансрын таван аппарат зохион бүтээсэн бөгөөд солирыг судлах “Janus” хөтөлбөрийн хүрээнд хоёр зондыг хөөргөх хугацааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан бол бусад гурван аппаратыг хөөргөх ажиллагаа амжилтгүй болсон байна.


SIMPLex” хөтөлбөрийн хамгийн том төсөл болох "ESCAPADE" амжилттай хэрэгжинэ гэж судлаачид найдаж байна. 


関連ニュース