Ингэний ариутгасан сүүний кодексийн стандартын саналыг “Шинэ ажил”-аар баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-11-12 16:27:49

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Олон улсын хүнсний стандартчиллын байгууллага болох Кодекс алиментариус комиссын 48 дугаар чуулган Италийн Ром хотод, Монгол Улсын санаачилгаар дэвшүүлсэн “Ингэний ариутгасан сүүний Кодексийн стандартын санал”-ыг хэлэлцлээ.


Хуралдааны үеэр 39 улс албан ёсоор дэмжсэн байр сууриа илэрхийлж, бүх гишүүдийн зөвшилцлийн (сonsensus) үндсэн дээр “Шинэ ажил”-аар баталсан байна. Энэ нь Монгол Улсын хувьд олон улсын хүнсний стандартыг боловсруулж, батлуулах анхны, түүхэн үйл явдал бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас салбарын дотоодын үйлдвэрлэлийг өсгөх, зах зээлийг тэлэх, улмаар сүү, сүүн бүтээгдэхүүн экспортыг нэмэгдүүлэх зорилгоор ингэний ариутгасан сүү, чацарганын тосны “Кодексийн стандарт”-ыг боловсруулж, батлуулах ажлыг санаачилж ахалж ажиллажээ.


Ажлын хэсгийн гишүүд нэг жил гаруйн хугацаанд хоёр бөхт тэмээний сүүний найрлага, онцлогийг стандартад тусгах чиглэлээр нотолгоонд тулгуурласан дата, судалгааг боловсруулан, стандартын төслийг хамтран санаачлагч улсуудын төлөөлөлтэй хуваалцаж, хамтран ажиллажээ. Кодекс алиментариус комиссоос “Ингэний ариутгасан сүүний кодексийн стандарт”-ыг баталснаар Монгол Улсын үндэсний онцлог бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд нэвтэрч, экспортыг нэмэгдүүлэх, малчдын амьжиргаанд бодит хувь нэмэр оруулах чухал боломжийг нээж өгөх ач холбогдолтой юм.



関連ニュース