Жендерийн тэгш байдлыг хангах хамтын ажиллагааны талбар бий болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-06-27 14:22:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өнөөдөр манай улсад эхэлсэн “Жендер ба хөгжил” олон улсын хурал “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-т тусгасан жендерийн тэгш байдлыг хангах зорилтыг хэрэгжүүлэхэд олон улсын хамтын ажиллагааны талбарыг үүсгэхэд чиглэж байна.
НҮБ-ын “2030 он хүртэлх Тогтвортой хөгжил” хөтөлбөрийн 17 зорилтын 5-д “Жендерийн тэгш байдал”-ыг хангах зорилгод жендерийн эрх тэгш байдлыг хангах, охид эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх гэж заасан байдаг. Энэхүү зорилтыг хангах талаар дэлхийн улс орнууд “Жендер ба хөгжил” хандлагын хүрээнд гарч буй ололт амжилт, туршлагаа солилцох боломжийг Монгол Улсын Засгийн газар, Жендерийн үндэсний хороо АХБ-тай хамтран Ерөнхий сайдын ивээл дор зохиож буй олон улсын энэ удаагийн Бага хурлаар бүрдүүлж өгч байна.

Бага хурлын эхэнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг тавьсан илтгэлдээ, “Бид өнөөдөр хүн төрөлхтөний цаашдын хувь заяа болоод буй нийгэм, эдийн засаг, байгаль орчны харилцан уялдааг ханган, эх дэлхийгээ тогтвортой хөгжүүлэх асуудлаар чуулж байгаа нь цаг үеэ олсон мөч бөгөөд бидний зорилго нийгмийн хөгжлийн нэг асуудал болсон жендерийн асуудлаар хамтран ажиллах явдал юм” гэдгийг онцлоод энэ талаар Монгол Улсын зүгээс хийж буй ажлуудыг танилцуулсан юм.
Тэрээр, “Манай улс 2002 онд Жендерийн тэгш байдлыг хангах Үндэсний хөтөлбөр, 2011 онд Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг батлан гаргаж хэрэгжүүлж байна.Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Жендерийн тэгш байдлыг хангаж, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх”-ээр тусгаж жендерийн тэгш байдлыг хангах эрхзүй, бодлогын орчинг бий болгосноор манай улс жендерийн асуудлаар ахиц дэвшил гаргасан Ази тивийн цөөн орны тоонд зүй ёсоор орж байна” гэв. Өнөөдөр Монголд Ерөнхий сайдын тэргүүлсэн Жендерийн үндэсний хороо 13 салбар яамд, нийслэл, 21 аймаг, дүүрэгт 31, нийт жендерийн 44 салбар зөвлөл, хороодыг байгуулан ажиллаж байгаа нь Монгол Улс жендерийн тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоог нутаг дэвсгэр, төрийн болон засаг захиргааны зохион байгуулалтдаа нийцүүлэн хөгжүүлж буй орны нэг болжээ.
Канад, Япон, БНСУ, АНУ, Австрали зэрэг орны зочид төлөөлөгч, илтгэгчид, олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагууд, төрийн болон ТББ, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн нийт 250 төлөөлөл оролцон нийслэл хотноо 2 өдөр чуулах олон улсын Бага хурал нэгдсэн хуралдаанаас гадна “Зохистой хөдөлмөр эрхлэлт, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг дэмжихэд жендерийн түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх”, “Амьдралын чанарыг дээшлүүлэхэд жендерийн шалгуур үзүүлэлтүүдийг үндэсний болон олон улсын түвшинд ашиглах боломж, арга зам”, “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдлийг бууруулах, хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах чиглэлээр олон улсын хэмжээнд түншлэл, хамтын ажиллагаа хөгжиж буй  байдал” гэсэн сэдвүүдээр 3 салбар хуралдаан болж, Тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн олон улсын түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай “Улаанбаатарын тунхаглал” гаргах юм.
Тодруулга: Манай улсад ажиллах хүчин дэх эрэгтэйчүүдийн оролцооны түвшин 68.2 хувь, эмэгтэйчүүдийннх 57 хувь байна. Эдийн засгийн үр өгөөж, цалин хөлс өндөр салбарт эрэгтэйчүүд түлхүү ажиллаж, хөдөлмөрийн үнэлэмж доогуур нийгмийн үйлчилгээний салбарт эмэгтэйчүүд олноор ажиллаж байгааг тэнцвэржүүлэн хөдөлмөрийн харилцаан дахь жендерийн тэгш байдлыг хангахыг Монгол Улс зорьж байна.
Б.Болд
Related news