Эрчим хүч хэмнэж байгальд ээлтэй сургууль болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2015-11-22 13:43:14

Завханы Завханмандал суманд ашиглалтад орсон 160 хүүхдийн хичээлийн байр байгальд ээлтэй загвар сургууль боллоо.

Тухайн сургуулийн барилгын засвар, шинэчлэлийн ажил нийт 292 сая төгрөгийн өртөгөөр хийгдсэн бөгөөд санхүүжилтийг  Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн  Эрчим Хүчний Үр Ашиг төслөөс 120 сая, Орон нутгийн хөгжлийн сангаас 100 сая төгрөг тус тус зарцуулсан байна. Тодруулбал аймгаас 70 сая, сумаас 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ажээ. Гүйцэтгэгч компаниар "Цагаан сээр" компани ажилласан байна. 

Засвар шинэчлэлийн хүрээнд тус барилгын хана, дээвэр, гадна талын паскат, уурын зуух тусдаа баригдсан байна. Өнөөгийн нийгэмд тулгамдсан хамгийн том асуудал бол агаарын бохирдлоос  улбаатай дэлхийн дулаарал буюу уур амьсгалын өөрчлөлт билээ. Тэгвэл энэ засвар шинэчлэлийн үр дүнд тухайн барилгын халаалтын зардал 50-60 хувиар буурсан бөгөөд  мөн хэмжээний агаарын бохирдлыг бууруулах боломжтой болсон хэмээн төслийн зүгээс  онцоллоо.

Б.Мягмарсүрэн

Related news