Эмэнд тэсвэртэй сүрьеэ ихсэж буйг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2015-10-21 12:36:01

ХӨСҮТ-д аймаг, Нийслэлийн ЗДТГ-ын нийгмийн хөгжлийн дарга, сүрьеэгийн зохицуулагч эмч нарын үндэсний зөвлөгөөн үргэлжилж байна.

Сүрьеэгийн кабинетуудад анхан шатны маягтын хөтлөлт, тайлан мэдээ гаргалт цаашид анхаарах зүйлс зэргийг зохих шатны эмч, мэргэжилтнүүдэд танилцуулах, интернетэд суурилсан мэдээллийн тогтолцоог бэхжүүлэх, нотолгоонд суурилсан  тандалт судалгаа явуулахад тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор  уг зөвөлгөөнийг зохион байгуулж  байна.

2014 онд улсын хэмжээнд 4172 сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдсэн ба 100 мянган хүн амд 142 ногдож байна. Үүнээс 14 хүртэлх насны 385 хүүхэд сүрьеэгээр өвчилсөн нь нийт сүрьеэгийн 9.2 хувь, 16-44 насныхан 68.7 хувийг эзэлж байна. Манай улсад идэр залуу хөдөлмөрийн болон нөхөн үржихүйн насны хүмүүсийн дунд сүрьеэгийн өвчлөл, нас баралт өндөр байхын зэрэгцээ сүүлийн жилүүдэд эмэнд тэсвэртэй сүрьеэ ихсэж байгаа нь сэтгэл түгшээсэн асуудал болж буйг эмч мэргэжилтнүүд онцолж байна.

2014 онд Улаанбаатар хотын 9 дүүрэг, болон орон нутагт сүрьеэгийн тархалтын судалгааны ажлыг зохион байгуулжээ. Судалгааны урьдчилсан дүнгээр хотын  хүн амын дундах уушгины сүрьеэгийн тархалтын түвшин 100 мянган хүн амд 316 байгаа нь жил бүр бүртгэгддэг тохиолдлын түвшингээс 3 дахин өндөр буюу хүн амын дунд бүртгэгдээгүй сүрьеэгийн тохиолдол өндөр байх магадлалтайг харуулжээ.

Тус зөвлөгөөнд аймаг дүүрийн засаг даргын тамгын нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, сүрьеэгийн зохицуулагч эмч , ЭМСЯ, төрийн бус байгууллагуудын зочид төлөөлөгчид нийт 90 гаруй хүн оролцож байна.

Зөвлөгөөн маргааш өндөрлөнө.

Ж.Болор

Related news