СЭЛЭНГЭ: Хошууч Ж.Энхсайхан олон улсын хэмжээний мастер цол хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2026-02-13 10:09:48

Сүхбаатар, 2026 оны хоёрдугаар сарын  13 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч Ж.Энхсайхан кураш бөхийн Олон улсын хэмжээний мастер цол хүртжээ.

 

Ж.Энхсайхан 2000 оноос жудо, спорт самбо, байлдааны самбо, жюү жицү, чөлөөт болон кураш бөхөөр хичээллэж эхэлсэн байна. Тэрээр олон улсын хэмжээний мастер, аймгийн заан Д.Эрдэнэбат, Монгол Улсын спортын мастер Д.Оюунтөмөр, Байлдааны самбын анхны дэлхийн аварга, Олон улсын хэмжээний мастер С.Орхонбаатар, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв багш нарын удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийж байсан байна.

 

Мөн тэрээр спортын замналынхаа хугацаанд Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнүүдээс 2 алт, 7 мөнгө, 7 хүрэл, нийт 15 медаль, олон улсын тэмцээнүүдээс 5 медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ.

 

Түүнчлэн ОХУ-д зохион байгуулсан спорт самбо, байлдааны самбын цэргийн тусгай бэлтгэлийн тэмцээнээс мөнгө, хүрэл медаль, 2018 онд болсон самбо, жюү жицүгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, 2024 онд Монгол Улсад зохион байгуулсан Кураш бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль тус тус хүртсэн байна.

 

Түүний энэхүү олон улсын болон тив, дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд амжилттай оролцож, спортын өндөр амжилт гаргасныг нь үнэлэн кураш бөхийн олон улсын хэмжээний мастер цол олгожээ. 

Related news