Г.Цэндсүрэн: Монголд анх удаа сумандаа 2.5 МВт-ын батарей хураагуурын станц байгуулсан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Ажил үйлсээрээ аймагтаа тэргүүлсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг дарга Г.Цэндсүрэнтэй ярилцлаа.
-Цагааннуур сумын баг аварга болсон амжилтын гол суурь юу байв, онцлог давуу тал юу вэ?
-Цагааннуур сум 2025 онд улс, аймаг, сум болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар томоохон бүтээн байгуулалтуудыг хийлээ. Тухайлбал, сум дундын эрэн хайх, аврах салбарын барилгыг ашиглалтад хүлээн авч, үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Мөн Дархан-Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ компанийн санал хүсэлтийг дэмжин ажилласны үр дүнд сумандаа 2.5 МВт-ын хүчин чадалтай батарей хураагуурын станц байгууллаа.

Энэ нь Монголд анх удаа хэрэгжиж буй томоохон төсөл бөгөөд иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх ажлыг нэр төртэй зохион байгуулсан нь амжилтын гол суурь болсон болов уу гэж бодож байна.
-Газар тариалангийн гол бүсэд орших сумын хувьд өнгөрсөн жилд бодит үр дүн өгсөн ямар бодлого, шийдлүүдийг онцлох вэ?
-Газар тариалангийн бүсийн хамгийн
тулгамдсан асуудал бол тариан талбайд мал орох асуудал байдаг. Энэ жилийн
хувьд Засаг даргын захирамжаар ажлын баг байгуулан малчдадаа 2 удаагийн
уулзалт хэлэлцүүлэг хийсэн. Үүний үр дүнд
тариаланчид маань хэдий гантай байсан ч тодорхой хэмжээгээр хохирол бага амссан
гэж үзэж байгаа.
-Ургац, үйлдвэрлэлийн амжилтад төр–хувийн хэвшлийн хамтын ажиллагаа хэрхэн нөлөөлсөн бэ?
-Бид хувийн хэвшлийн аль ч салбарыг бүх талаар нь дэмжиж ажилладаг. Үүний үр дүнд зарим аж ахуйн нэгж төрөөс үзүүлж буй хөнгөлөлттэй зээл, тусламжид хамрагдаж, хамгийн сүүлийн үеийн техник, технологийг амжилттай нэвтрүүлж байна.
-Аймгийн аварга сум болсноор иргэдийн амьдрал болон орон нутгийн хөгжилд ямар бодит өөрчлөлтүүд гарч байна вэ?
-Бид бүхэн иргэдийн ая тухтай, эрүүл,
аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд бүх хүч хөдөлмөр, хөрөнгө
мөнгөө зориулан ажиллаж байна.
-Цагааннуур сумын туршлагаас бусад
суманд түгээж болох сайн жишээ юу вэ?
-Хувийн хэвшлийн салбарыг идэвхтэй дэмжиж ажиллах нь чухал гэж үздэг. Үүний үр дүнд суманд эрчим хүчний найдвартай эх үүсвэр бий болж, томоохон үйлдвэр барихад цахилгааны чадлын дутагдал үүсэхгүй болсон. Мөн байгалийн гамшгийг хохирол багатай давж, иргэдийн аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгөөр машин, механизм худалдан авч ажилласан нь үр дүнгээ өгч байна.
-Цаашдын зорилт болон ойрын жилүүдэд сумын хөгжил, газар тариалангийн салбарт хэрэгжүүлэх хамгийн чухал ажил юу вэ?
-Хүн амын өсөлт, хэрэгцээг даган бий болж буй нөхцөл байдлыг харгалзан төвлөрсөн усан хангамжийг нэмэгдүүлэх, сумын төвийн авто замуудыг шинэчлэх ажлуудыг ойрын зорилт болгож хэрэгжүүлнэ. Цаашид үйлдвэр, үйлчилгээний газруудыг байгуулах, хувийн хэвшлийн санал санаачилгыг дэмжиж хамтран ажиллах зорилт тавьсан байна.
Мөн газар тариалангийн салбарт хөрсний элэгдэл тулгамдсан асуудал болж байгаа тул цаашид тариан талбайд ойн зурвас байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээс гадна МАА-н салбарт шинэчлэл хийж, байран болон бэлчээрийн маллагааг хосолсон арга технологи руу шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ.
-Ярилцсанд баярлалаа.