Шилдэг 15 бүтээн байгуулалтаас Сэлэнгэ аймаг 3 шагнал хүртлээ

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2026-02-10 16:26:54

Сүхбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улсын барилга, бүтээн байгуулалт, үл хөдлөхийн салбарын дээд шагнал “Mongolian property awards-2025”-ыг 2016 оноос эхлэн зохион байгуулж ирсэн.

Энэ удаад улс орны шилдэг 15 бүтээн байгуулалтаас 3 шагналыг Сэлэнгэ аймаг хүртжээ.


Үйлдвэрлэлийн дэд бүтэц, менежмент, хүний нөөцийн хөгжлийг цогцоор шийдсэн шинэ үеийн агро бүтээн байгуулалтаараа уг шагналыг хүртжээ. 

Үүнд “Mongolian property awards 2025”-ын Шилдэг үйлдвэрийн бүтээн байгуулалт номинацад “Эйл Би Эйч Агро” ХХК-ийн Мимо агро парк шалгарчээ. 


Тус парк нь малын тэжээл үйлдвэрлэлийн бүрэн автомат иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон цогц бүтээн байгуулалт бөгөөд үйлдвэрлэл, агуулах, сургалт, оффисын орчныг нэг дор шийдэн орчин үеийн агро үйлдвэрийн паркийг бий болгожээ. 


Анх 2024 онд сууриа тавьж, 2025 онд бүрэн ашиглалтад орсон уг бүтээн байгуулалт нь 6 давхар бөгөөд бүрэн автомат тэжээлийн үйлдвэрийн хэсэг, бүтээгдэхүүний агуулах, сав баглаа боодлын шийдэл, 300-400 хүний багтаамжтай сургалт, үйл ажиллагааны заал, оффис, лаборатори, уулзалтын болон фитнес, иогийн өрөө бүхий цогц ажлын орчинтой гэдгээрээ онцлогтой. 


Мөн 2026 онд хэрэгжүүлэх гадна террасын хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн дэд бүтэц, менежмент, хүний нөөцийн цогц шийдлээр уг шагналыг хүртжээ. 


Сэлэнгэ аймгийн Сант сумын Барилгын цэргийн анги, Ахлагчийн сургууль нь өнгөрсөн түүхийг хадгалж, шинэ үүрэг, шинэ амьдралыг бүтээсэн жишиг сэргээн засвараар уг шагналыг хүртлээ

 

“Mongolian property awards 2025”-ын Шилдэг сэргээн зассан бүтээн байгуулалт номинацад Сэлэнгэ аймгийн Сант сум дахь Барилгын цэргийн анги, Ахлагчийн сургууль шалгарчээ. 


1980 онд баригдсан, 2015 оноос хойш ашиглаагүй Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн барилгыг сэргээн засварлаж, орчин үеийн шаардлагад нийцүүлэн Барилгын цэргийн анги, Ахлагчийн сургуулийн зориулалтаар дахин ашиглалтад оруулсан нь шүүгчдээс өндөр үнэлгээ авсан байна. 


Энэхүү сэргээн засварлалтын хүрээнд:

-Барилгын үндсэн хийц, түүхэн үнэ цэнийг хадгалсан,

-Инженерийн дэд бүтэц, ашиглалтын аюулгүй байдлыг бүрэн шинэчилсэн,

-Сургалтын орчныг орчин үеийн стандартад нийцүүлсэн,

-Орон нутагт 200 гаруй албан хаагч, гэр бүлийн тогтвортой суурьшлыг бүрдүүлсэн зэргээрээ нийгмийн болон бүс нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсан бүтээн байгуулалт болжээ.


Сэлэнгэ аймгийн дулааны цахилгаан станц, орон нутгийн хөгжлийн суурь дэд бүтцийн шинэ жишгээр шалгарч уг шагналыг хүртлээ

“Mongolian property awards 2025”-ын Шилдэг орон нутгийн бүтээн байгуулалт номинацад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд барьж буй дулааны цахилгаан станц шалгарчээ. 


Бүс нутгийн дэд бүтцийг бэхжүүлж, орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжсэн стратегийн ач холбогдол бүхий энэхүү төсөл нь эрчим хүчний найдвартай байдлыг хангах бодит шийдэл болж байна.


Тус бүтээн байгуулалт нь:

-Орон нутгийн эрчим хүчний хангамжийг сайжруулах,

-Үйлдвэрлэл, үйлчилгээний тасралтгүй ажиллагааг дэмжих,

-Ажлын байр, эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх,

-Дэд бүтцийн урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах зэргээрээ шүүгчдээс өндөр үнэлгээг авсан байна.