Монгол, Австрийн талууд эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг үргэлжлүүлж ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2025-12-07 11:43:20
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Австри Улсад айлчилж, тус улсын Европ, олон улсын харилцааны сайд Беате Майнл-Райзингер-тэй арванхоёрдугаар сарын 05-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийлээ.


Албан ёсны хэлэлцээний үеэр талууд Бүгд Найрамдах Австри Улсын Холбооны Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен 2025 оны тавдугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийсэн нь хоёр улсын харилцааг эрчимжүүлэн хөгжүүлж, харилцан сонирхсон бүхий л салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал айлчлал болсныг онцлон тэмдэглэв.


Цаашид талууд эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг үргэлжлүүлж, сэргээгдэх эрчим хүч, ойн аж ахуй, ногоон технологи, боловсрол, соёл, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцаж, энэхүү нийтлэг зорилтоо биелүүлэхийн төлөө тууштай ажиллахаа илэрхийлэв. Энэ хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Европ, олон улсын харилцааны сайд Беате Майнл-Райзингер-ийг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урив.


Түүнчлэн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхээ нотолж, бүс нутгийн болон олон улсын харилцааны зарим асуудлаар байр сууриа танилцуулж, санал солилцов.


Related news