СҮХБААТАР: Төрийн үйлчилгээг малчны хотонд хүргэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-08-08 13:37:20

Баруун-Урт 2024 оны наймдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын наймдугаар баг бол тус сумын ганц хөдөөгийн баг юм. 927 өрхийн 3300 орчим хүн амтай. Багийн иргэдэд зориулсан өдөрлөгийг малчдын хотонд хийж,  найман төрлийн төрийн байгууллагын үйлчилгээг нэг дор үзүүлжээ.


 

Өдөрлөгийн гол зорилго төрийн үйлчилгээг малчны хотонд түргэн шуурхай, элдэв хүнд сурталгүйгээр үзүүлэх юм.  Ялангуяа эрүүл мэнд нь орхигддог малчдын хувьд хотондоо, гэртээ эрүүл мэндийн үйлчилгээ авах нь хамгийн таатай байгаа нь илт байв.

 

Аймгийн нэгдсэн эмнэлгээс мэдрэл, дотор хэвлийн эхо, эмчийн үзлэг, цусны ерөнхий шинжилгээ, биохими, элэгний гепатитийн В,С вирусийн шинжилгээг үнэ төлбөргүй хийсэн бол Мал эмнэлгийн газрын мэргэжилтнүүд малын тарилга, туулга хийж, ач холбогдлын нь талаар мэдээлэл өглөө.


 

Мөн ХГБХХГ, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Нийтийн номын сан зэрэг байгууллага шинээр хэрэгжүүлж буй хууль тогтоомжийг танилцуулж, явуулын номын сан бүх насныханд үйлчлэх зэргээр гэр бүлийн гишүүн бүрд хэрэгтэй мэдээ мэдээллийг хүргэлээ.


 

Багийн өдөрлөгийг жил бүр зохион байгуулдаг ч энэ удаагийнх илүү өргөн цар хүрээтэй байлаа. Төрийн байгууллагуудын үйлчилгээ, өгч буй мэдээлэл цаг үеэ олсон, үнэхээр хэрэгцээт мэдээлэл байж чадсаныг малчид хэлж байна. Манай малчид хэдэн малынхаа төлөө явахаас илүү гардаггүй. Өөрсдийгөө хаячихдаг хүмүүс. Тэгэхээр яг энэ төрлийн явуулын буюу хотондоо төрийн үйлчилгээг авах нь илүү үр дүнтэй байдаг. Учир нь арагшаа яарч сандрах зүйлгүй яг л энэ бүх үйл ажиллагаандаа төвлөрч чадсан нь өдөрлөгийн гол зорилго биеллээ гэж үзэж байна. Үүнээс гадна малчдын оролцоо, идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор олон төрөлт уралдаан тэмцээнийг явуулсан нь нэг өдөр ч гэсэн малчид хамтдаа хөгжилдөх боломжийг олгосон явдал боллоо. Өдөрлөгт оролцсон 200 гаруй иргэн бүгд сэтгэл хангалуун байлаа гэж сумын засаг дарга Ж.Жавхаатөгс хэллээ.


 

Баруун-Урт сумын ЗДТГ-аас хөдөөгийн багийн иргэдэд хүрч үйлчлэх, хийж хэрэгжүүлж байгаа ажил, үйл ажиллагаагаа танилцуулах, мэдээлэл хүргэх зорилгоор наймдугаар багийн өдөрлөгийг дөрвөн өдөр, дөрвөн өөр малчны хотонд Баруун-Урт сумын удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгчид болон төрийн байгууллагын 20 гаруй албан хаагч хамтран зохион байгуулсан юм.

 

 

 

Related news