Тайгын малчин бүсгүйчүүд байгаль орчноо хамгаалахад хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-10-03 17:26:55

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо” ТББ-ны дэргэдэх “Тайгын бэрүүд” бүлгийн гишүүдтэй уулзлаа.


Хөвсгөл аймгийн Улаан уул, Ренчинлхүмбэ сумаас ирсэн малчин эмэгтэйчүүд орон нутагтаа тулгамдаж буй асуудлаа танилцуулан, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов.


Хөвсгөл аймгийн өвөрмөц тогтоц, унаган байгалийг хайрлан хамгаалахад нутгийн иргэдийн оролцоо чухал. Аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэхэд тухайлсан хэдэн газрыг сонгох, бусад газар нутгаа онгон дагшин хэвээр нь хамгаалах, үр хойчдоо өвлүүлэн үлдээх бодлого чиглэл барьж байгаагаа сайд Б.Бат-Эрдэнэ онцолсон юм.



Уур амьсгалын өөрчлөлт эрчимжиж, байгаль орчны доройтол ихсэж байгаа тул хүнээс хамаарах шалтгааныг бууруулахад анхаарах хэрэгтэй. Малчин иргэдэд бэлчээрийн хомсдол тулгамдсан асуудал болоод байгаа тул малын тоо толгойг цөөлж, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх, тоог бус ашиг шимийг чухалчлан өсгөх нь байгаль орчноо хамгаалахад оруулж буй хувь нэмэр юм гэдэгт санал нэгджээ. Цаатан, дархад зэрэг ястны онцлог, өв соёлоо сурталчлан, сарлаг, цаа буга гэхчлэн нутгийн онцлогоороо аялал жуулчлалын нэрийн бүтээгдэхүүн бий болгож, мал аж ахуйгаас хамааралгүй  амьдралаа дэмжих боломжтойг хэлэлцлээ. Цаашид малчин эмэгтэйчүүд түүчээлэн, байгаль орчноо хамгаалах, малчдад зөв мэдээлэл өгөхөд дуу хоолойгоо нэгтгэн хамтран ажиллахаар болсныг БОАЖЯ мэдээлэв.

 

Related news