ХЭНТИЙ: Хүүхдүүдийн 80 хувь нь үл хайхрах хүчирхийлэлд өртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-10-02 14:26:38

Чингис, 2023 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Оны эхний хагас жилийн байдлаар аймгийн хэмжээнд хүүхдийн эрхийн зөрчлийн дуудлага мэдээлэл нийт 120 бүртгэгджээ. Үүнээс 108 утсаар 47 дуудлага ирсэн байна.


Аймгийн ГБХЗХГ-аас дуудлага мэдээлэлд холбогдох 225 хүүхдэд, 387 удаагийн хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлээд байгаа аж. Нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байраар 12 хүүхэд үйлчлүүлсэн бөгөөд насны ангиллаар нь авч үзвэл 5 хүртэлх насны дөрөв, 6-10 насны гурав, 11-15 таван хүүхэд байна. Эдгээр хүүхдүүдийн 80 хувь нь үл хайхрах, 50 хувь нь сэтгэл санааны дарамт, 36 хувь нь бие махбодийн, дөрвөн хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртжээ.


Хэнтий аймаг 2023 оныг “Хүүхдийн хөгжил хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан гурван зорилтын хүрээнд нийт 11 байгууллага, сумдын ЗДТГ, ЕБС-иудыг хамруулан 31 ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн аж. Хэрэгжилтийг шалгахад, бүрэн биелсэн долоо, биелэх шатандаа байгаа 10, бэлтгэл ажлыг хангасан долоо, хангалтгүй гурав, хугацаа нь болоогүй дөрвөн ажил байна.


Тодруулбал, Өсвөр насны хүүхдэд зориулсан арга хэмжээ зорилтын хүрээнд тэдэнд сэтгэлзүйн оношилгоо хийх ажлыг зохион байгуулжээ. Нийт 25 сургуулийн 147 ангийн 3372 сурагч хамрагдаж дараах үр дүн гарсан байна. Нийт хүүхдийн 47 хувьд хөгжил, хамгааллын үйлчилгээ шаардлагатай, 46 хувь нь үе тэнгийн дарамтад дундаас дээш түвшинд буюу сэтгэл зүй, өөртөө итгэх итгэлд нөлөөлөхүйц байдлаар өртдөг, 31 хувь нь зан төлөвийн эрсдэлд орж буй, 31 нь сэтгэл зүйн хямралтай, 27 хувь нь хэт хөдөлгөөнтэй байдалтай, хоёр хүүхэд тутмын нэг нь ямар нэгэн тулгамдсан асуудалтай буюу нийгэм, сэтгэл зүйн шат дараалсан үйлчилгээ шаардлагатай байгаа нь тогтоогджээ. 

Related news