ӨВӨРХАНГАЙ: Д.Лүндээжанцангийн нэрэмжит шатрын тэмцээнийг 15 дахь жилдээ зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-09-26 17:53:27

Арвайхээр МОНЦАМЭ/. УИХ-ын дарга асан, шатрын спортын нэрт зүтгэлтэн Д.Лүндээжанцангийн нэрэмжит өсвөрийн шатарчдын багийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23, 24-ний өдрүүдэд Арвайхээр хотод боллоо.


Хөдөө орон нутагт шатрын спортыг хөгжүүлэх, өсвөрийн шатарчдын хувийн болон багаар тоглох ур чадварыг дээшлүүлэх зорилготой уг тэмцээнийг Шихихутаг их сургууль ивээн тэтгэж, 2006 оноос хойш 15 дахь удаагаа зөвхөн Өвөрхангай аймагт зохион байгуулж байна.



Энэ удаагийн тэмцээнд 6 аймгийн 12 багийн 160 гаруй өсвөрийн шатарчин зургаан насны ангиллаар өрсөлдөж, багийн дүнгээр Өмнөговь аймгийн “Баянхаан билэгт” баг тэргүүн байр, Сэлэнгэ аймгийн “Таван хан” баг дэд байр, Дорноговь аймгийн шигшээ баг гутгаар байр, Өвөрхангай аймгийн “Ирээдүйн найдвар” баг тусгай байр, Орхон аймгийн “Хос морь” баг айргийн тавд тус тус шалгарлаа.


“Оюуны спорт, оюуны тулаанд ялагч нь байж, амьдралд өөрийгөө ялан дийлж, эх орондоо ихийг бүтээх их үйлсэд шатрын спорт нөр их нөлөөтэй. Үр хүүхдийнхээ оюуны царааг тэлж, шатрын спортоор хичээллэхэд нь үргэлж дэмжиж байдаг эцэг, эхчүүдэд талархаж байна” хэмээн Д.Лүндээжанцан тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ онцлов.

Related news