Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын эдийн засаг 7.9 хувиар өссөн

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-05-24 13:34:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийх үеэрээ “Монгол Улсын эдийн засаг оны эхний нэгдүгээр улиралд 7.9 хувиар өссөн” болохыг хэллээ.


Тэрбээр энэхүү мэдээллийнхээ үеэр хэлэхдээ, "Валютын нөөц 3.8 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнээс үзэхэд, манай улсын валютын нөөц тогтвортой, байнга өссөн дүр зурагтай байна. Эдийн засаг өсөхөд гадаад эрэлт ихээхэн нөлөө үзүүлж буй. Нүүрс олборлолт 3.3 дахин өссөн. Түүнчлэн "Оюутолгой" компани төлөвлөж байснаасаа 43 хувиар илүү үйлдвэрлэл явуулж байгаа нь эдийн засаг өсөх таатай нөхцөлийг бүрдүүлж байна. 


Засгийн газраас Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтийг цар тахлын өмнөх түвшинд хүргэнэ гэсэн зорилтыг дэвшүүлсэн. Одоогийн байдлаар барилга, уул уурхай, тээвэр гэсэн гурван салбараас бусад нь цар тахлын өмнөх түвшинд хүрээд байна. Тэдгээр салбарын үзүүлэлтүүд цар тахлын өмнөх түвшинд ойрын үед хүрнэ гэсэн хүлээлттэй байгаа. Харин ХАА-н салбар уналттай байгаа нь өнгөрсөн өвлийн нөхцөл байдалтай холбоотой" гэлээ. 

Related news