Монгол Майк 3 дахь багтайгаа бэлтгэл хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-05-23 15:11:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. NBA-гийн талбайд хөл тавьж, эцгийнхээ хүслийг гүйцээх мөрөөдөлтэй Ш.Энхийн-Од буюу Майк Шаравжамц драфтад нэрээ өгөхөөр болж, эргэлт буцалтгүй шийдвэр гаргасан билээ. Эхний шатны драфтад нийт 242 хүний нэр орсон бөгөөд гадаад улс орны 48 тамирчны нэр багтсан байдаг. Монгол Майк Дейтоны их сургуулийн Флайерсын бүрэлдэхүүнд нэг улирал тоглохдоо 5.6 оноо, 2.6 ашигтай дамжуулалт дунджилж, Атлантик 10 бүсийн шинэ залуу тоглогчдын нэгдүгээр багт нэрлэгдсэн юм.


NBA-ийн 2023 оны драфт зургаадугаар сарын 23-ны өдөр болно. Лигийн 30 баг ч хэдийнэ сонирхож буй залуустайгаа холбогдож, тэдний талаар судалгаа хийж зарим нь бэлтгэлд урьж эхэлжээ. Тэгвэл Майк Шаравжамц өнгөрсөн хугацаанд “Юта Жазз”, “Милуоки Бакс” багуудтай бэлтгэл хийсэн бол өчигдөр “Бостон Селтикс” багийн бэлтгэлд хамрагдсан байна.


Энэ жил NBA-гийн драфтаар нийт 58 тоглогч сонгогдоно. Майктай бэлтгэл хийсэн гурван баг дараах байдлаар сонголт хийнэ. Тухайлбал, Милуоки Бакс хоёрдугаар тойргийн 58 дахь буюу хамгийн сүүлийн сонголт, “Юта Жазз” нэгдүгээр тойргийн ес дэх, 16 дахь, 28 дахь сонголтууд, “Бостон Селтикс” хоёрдугаар тойргийн 35 дахь сонголтыг хийх юм.


Манай Майкийг хоёрдугаар тойргоос сонгогдох магадлалтай гэж үзэж байгааг харгалзах юм бол "Селтикс" болон "Бакс" багууд түүнийг сонгоход гайхах зүйлгүй. Үүнээс гадна "G-League Elite Camp"-д хамрагдаж, өөрийнхөө бие бялдрын хөгжлийг шалгуулж, тоглолтоо харуулсан байна.

Мөн түүнд тавдугаар сарын 31-нээс өмнө коллежийн сагсан бөмбөгтөө эргэн очих боломж бий. Түүнийг одоогоор, Канзас Стэйт, Аризона, Иллинойс, Ратгерс зэрэг 4-5 их сургууль сонирхож байгаа сурагтай.

Хэрвээ NBA-д элсэх шийдвэрээ нэг жилээр хойшлуулахаар болбол ирэх улиралд бид Майкийг дахин NCAA-д харж магадгүй юм.


Элит кампд уригдсан бүх 45 тоглогчдыг “No Ceilings” гэх драфтаар мэргэшсэн спорт сайтынхан дүгнэж танилцуулжээ. Монгол Майкийн тухайд “Майк Шаравжамц бол гайхалтай тоглогч. Тэр коллежийн 1-р дивизионы сургуулиас тэтгэлэг авсан Монгол Улсын анхны тоглогчоос гадна Харлем Глоубтроттерийн хүү. Түүний тоглолтын арга барил ч гэсэн түүх шиг нь сонирхолтой - холбон тоглогчийн залах, дамжуулах, харах чадвартай. Хоёр алхмын цаадахыг харж чаддаг. Багийнхандаа яаж бөмбөг өгөх тал дээр тэр их гоёмсог бас ухаалаг. Зааж сургахад маш хэцүү амиа биш зан түүнд бий. Түүн шиг өндөр тоглогч бөмбөг эзэмших, дамжуулах тал дээр ихэвчлэн ийм түвшинд байдаггүй.

Гэхдээ асуудлууд бий. Гурваас 31.5 хувьтай довтолсон түүний шидэлт тийм ч найдвартай болж амжаагүй байгаа. Бие хаа туранхай бас бөмбөгтэй тоглогч хамгаалах дээр реакц тийм сайтай биш. Тэр бол проекц байж болох тоглогч. Өндөр бие, тоглолтын мэдрэмжийг нь харахад сонирхол татам. Коллежийн улирал дууссанаас хойш түүний бие хаа болон шидэлт яаж өөрчлөгдсөнийг багууд харахыг хүсэх байх” гэсэн байна.


Тийм ээ, түүний тоглолтыг одоо мэргэжлийн түвшинд харж, шүүж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Related news