БУЛГАН: “Бидний бахархал” төслийн өдөрлөг Булган аймагт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-05-19 13:10:13

Булган /МОНЦАМЭ/. Батлан хамгаалахын хууль, тогтоомжийг сурталчлах "Бидний бахархал" төслийн өдөрлөгийн нээлт Цогт Хунтайжийн талбайд боллоо.

Өдөрлөгийн нээлтэд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ЗХЖШ-ын дарга, бригадын генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, ҮБХИС-ийн захирал, бригадын генерал П.Жаргалан болон Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, БХЯ, 3ХЖШ-ын удирдах бүрэлдэхүүн, харьяа анги, байгууллагууд, Булган аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлага, бие бүрэлдэхүүн оролцлоо.

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай:

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Батлан хамгаалахын хууль тогтоомжийг сурталчлах “Бидний бахархал” төслийн өдөрлөгийг аймгийн төвд энэ сарын 19-20, сумдад 21-25-ны өдөр зохион байгуулж байна. Энэ төслийн өдөрлөгийг өнгөрсөн онд нийслэлд зохион байгуулсан бол энэ жил Булган аймагт явуулж байгаараа онцлог юм. Тиймээс бид өнөөдөр иргэд, төрийн албан хаагч, хүүхэд залуучуудад улс орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэн ямар чухал болохыг эргэн сануулах, улс орны хөгжилд хувь хүний оролцоо чухал болохыг ойлгуулж, эх оронч иргэнийг төлөвшүүлэх, батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор энэ ажлыг хэрэгжүүлж байна гэлээ.

 Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын цэргийн ёслолын жагсаал, Зэвсэгт хүчний үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн үзүүлэх тоглолт, жагсаалын үзүүлэх тоглолт, гардан тулааны үзүүлэх тоглолт, архив, хууль зүйн тусламж үйлчилгээ, зэвсэглэлийн үзэсгэлэн, Монгол цэргийн музей, ҮБХИС, "Алдар" спорт хорооны үзэсгэлэнг Цогт тайжийн талбайд үзүүлж сонирхууллаа. Мөн Цэргийн төв эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нар мэс засал, мэдрэл, дотор, зүрх судас, чих, хамар хоолой, эмэгтэйчүүд, нүд, шүд, ЭХО, рентген, ходоодны дурангийн чиглэлээр урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо хийж байна.









Related news