БАЯН-ӨЛГИЙ: ТИКА-гаас аймгийн Асрамжийн газарт 190 мянган долларын хөрөнгө оруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-05-05 10:48:15

Өлгий /МОНЦАМЭ/. Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-аас Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа Асрамжийн газарт 190 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийлээ.


Аймгийн асрамжийн газрын барилгыг шинээр барих ажлыг орон нутгийн төсвийн 450 сая төгрөгөөр 2015 онд эхэлсэн  ч санхүүжилтгүйн улмаас бүрэн дуусгаж чадаагүй байсан. Тэгвэл дутуу барьсан барилгыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, орон нутгийн удирдлагын хүсэлт, НХХ-ийн дэд сайд С.Зулпхарын дэмжлэгээр ТИКА-гийн 145 мянган долларын хөрөнгө оруулалтаар үргэлжлүүлэн барьж бүрэн дуусгав. Мөн 45 мянган доллароор хатуу, зөөлөн эдлэлийг шинэчилжээ.

Асрамжийн газрын шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 4-нд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, аймгийн Засаг даргын орлогч Х.Арман, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга А.Галия, БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Зафер Атеш, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн Төв Ази, Кавказын орнуудыг хариуцсан газрын дарга Али Өзгүн Өзтурк, ТИКА-ийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Эмрах Устаөмэр нарын албаны хүмүүс оролцов.

Аймгийн асрамжийн газрын шинэ байр нь 20 ортой ба харж хандах хүнгүй, гэр оронгүй хүмүүсийг хүлээн авч асардаг. Одоогоор 14 хүн амьдарч байна. Тэдний 8 нь хөгжлийн бэрхшээлтэй, 5 нь ахмад настан, 1 нь оюутан аж.

"Асрамжийн газар нь хотын захад 6000 м.кв газартай. Цаашид тус газрыг түшиглэн асруулагчдад зориулсан амралт сувиллын газар, мөн өвлийн хүлэмжтэй болгох ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна" гэдгийг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга А.Галия онцоллоо. 

Related news