Хөгжлийн банк, МИАТ, “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн гишүүдийн цалингийн мэдээллийг ил болголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-04-24 12:35:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шил” ажиллагааны хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас өнөөдөр “Эрдэнэс Монгол” ХХК, МИАТ, Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүдийн цалинг shilen.gov.mn цахим хуудсанд байршуулжээ.


Тус яам өнгөрсөн 7 хоногт төрийн өмчийн болон төрийн оролцоотой компанийн 58 ТУЗ-ийн 504 гишүүний цалингийн мэдээллийг ил болгосон юм. Өнөөдөр дээрх мэдээлэл нэмэгдсэнээр төрийн өмчит, төрийн оролцоотой компаниудын ТУЗ-ийн гишүүдийн 98 хувийнх нь цалингийн мэдээлэл нээлттэй болоод байна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын засаглалыг сайжруулж, давхардал, хийдэл арилгахын тулд ТУЗ-үүдийг нэгтгэх, тогтмол цалин бус цагийн хөлс олгох шийдвэр гарган ажиллаж буй. Тухайлбал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 39 компанийн хувьцаат компани байхаар хуульд заасан таваас бусдынх нь ТУЗ-ийг татан буулгаснаар зардал 2 тэрбумаас 500 сая хүртэл 4 дахин бууруулахаар болсон юм.  


Авлигын эсрэг Засгийн газрын 5Ш хөтөлбөрийн “Шил” ажиллагаа эхлээд сар гаруй болж байна. Ерөнхий сайд албан даалгавар гаргаж, төрийн байгууллагууд зургаадугаар сарын нэгний дотор хуульд заасан мэдээллээ бүрэн ил тод болгох үүрэг өгсөн. ЦХХХЯ төрийн байгууллагуудаас ирүүлсэн мэдээллийг илүү хялбар ойлгомжтой болгон shilen.gov.mn сайтад байршуулж байгаа юм. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш нэг жил болж буй энэ өдрүүдэд “Шил” ажиллагааны ээлжит мэдээлэл ийнхүү уншигчдад хүрч байгаа нь энэ. 

Related news