БАЯН-ӨЛГИЙ: Байгууллагууд үндэсний хувцас сурталчлах аян өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-03-14 12:16:32

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ЗДТГ-аас казахын ард түмний уламжлалт шинэ жилийн баяр «Наурыз»-ыг угтан аймгийн хэмжээний төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчдын дунд үндэсний хувцас сурталчлах уралдаан явуулж байна.


Тус болзолт уралдаан нь соёлын биет бус өвийн нэгэн төрөл болох үндэсний хувцсаар бахархах үзлийг иргэдэд төлөвшүүлэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой аж.


Оролцогч байгууллагуудад ажилтан, албан хаагчид нь үндэсний иж бүрэн хувцастай байх, өмссөн хувцас нь өнгө үзэмжтэй байх, хамт олны нийт гишүүдийг хамруулах, үндэсний хувцасны чимэглэл, тоноглол, өвөрмөц онцлогийг харуулах болзол тавьж байгаа.


Байгууллагууд энэ сарын 13-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд өдөр бүр хамт олныхоо үндэсний хувцас өмссөн зургийг тухайн байгууллагын болон аймгийн ЗДТГ-ын цахим хуудсанд тавьж, олон нийтэд сурталчилна.


Шилдэг 5 байгууллагыг аймгийн ЗДТГ-аас томилсон ажлын комисс байр эзлүүлж шагнах аж.


Ташрамд, аймгийн Соёл, урлагийн газраас өнгөрсөн Цагаан сарын баяраар “Гэр бүлээрээ үндэсний хувцсаар гоёцгооё” уралдаан зохион байгуулж байсан юм. 








Related news