УИХ-ын гишүүдийг ёс зүй, сахилга хариуцлагаа өндөржүүлэхийг санууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-12-01 14:46:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар улс орны нөхцөл байдал хүндхэн байгаа энэ үед УИХ-ын гишүүд хуралдаандаа биечлэн хамрагдаж, ёс зүй, сахилга хариуцлагаа өндөржүүлэхийг сануулж үг хэллээ.


Тэрбээр “Чуулганы ирц хүрээгүйгээс хуралдаан хойшлох, тасалдах байдал үндсэндээ зогссон. Үүний үр дүнд чамгүй олон хуулийг баталж буй. Гэвч баталсан хуулийн зарим зүйл, заалт амьдралд нийцэхгүй байна гэсэн санал хүсэлт иргэдээс ирсээр байна. Хууль санаачлагчид дутуу дулимаг төсөл парламентын босго давуулан шиддэг байдлыг зогсоох хэрэгтэй. Эрдэмтэн судлаачид иргэдийнхээ саналыг авахгүйгээр яаран өргөн барьдгийг эцэслэе. Ная гаруй зүйл заалттай хуулийн төсөлд 90 шахам засвар өөрчлөлт оруулсан талаар би нэгэнтээ хэлж байсан. Мөн хууль дагасан маш олон тооны өөрчлөлтийг УИХ-аар нэгбүрчлэн хэлэлцдэг нь маш их цаг авч байна. Саяхан 2023 оны төсвийг батлахад, дагаж 103 хууль, 6 тогтоолд өөрчлөлт орсон. Тэдгээр өөрчлөлтийг цахим технологи ашиглаж хуульдаа тусгадаг болох хэрэгтэй. 


Түүнчлэн хуралдааны үеэр үлгэргүй байдал гаргах, зүй зохисгүй үг хэрэглэх, бусдыгаа гутаан доромжлохоо зогсооё. Хоосон маргалдах, баталгаагүй мэдээллээр олныг төөрөгдүүлэх эсвэл хэт мэргэн түргэн хүн болох гэж оролдох нь өөрийнхөө болон парламентын нэр хүндийг унагаж байна. Гишүүд хэлэх үгээ урьдаас бэлтгэж, гарцаагүй чухал, үндэслэлтэй санал хэлдэг болмоор байна. Хуралдаан хангалттай ирцтэй эхэлсэн ч санал хураах болоход 10 гаруйхан гишүүн сууж байдаг нь хэвийн үзэгдэл боллоо. Саналаа хэлчихээд өрөөндөө орж, бусад ажлуудаа цэгцлэх, дотоод сүлжээгээр хуралдаанаа сонсож, сонгогчидтойгоо болон албаны уулзалт хийх зэрэг шалтгаан гишүүдэд байдаг. Гэхдээ энэ нь арван хэдхэн хүн хууль хэлэлцэж байна гэж ард нийтэд харагддаг. Тиймээс хуралдаандаа гишүүд тогтмол биечлэн сууж оролцдог болъё.


Сүүлийн хоёр 7 хоногт олон гишүүн гадаад дотоод явснаас ирц бүрдэхгүйд хүрлээ. Иймд эхний ээлжинд намрын чуулган өндөрлөх хүртэл нэн шаардлагатайгаас бусад арга хэмжээнд оролцохыг зогсоох арга хэмжээ авч болно. Ингэвэл Төсвийн хэмнэлтийн тухай хуульд ч нийцнэ. Энэ удаагийн парламентад УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас гадна сайд нарын 65 хувь нь сууж байна. Тэгэхээр УИХ-аас УИХ-ын өөрийн, Засгийн газрын, цаашлаад Монгол Улсын нэр хүнд, хувь заяа хамаарч байгааг ухамсарлацгаая. Эцэст нь Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, философич Б.Даш-Ёндон тэртээ 1993 онд УИХ дахь намын бүлгийн гишүүддээ хандаж хэлсэн үгэндээ дурдсан “УИХ-ын гишүүн бол бүхний дээр байгаа эрх мэдлийн бурхан тэнгэр биш. Хэрэв УИХ-ын гишүүнд ихээхэн эрх мэдэл байдаг бол түүнийг зөвхөн төрийн бодлогын сонирхлын үүднээс ашиглах ёстой” хэмээн хэлснийг сануулья" гэлээ.

Related news