Г.Занданшатар: Төрийн байгууллагууд архи, согтууруулах ундаа худалдан авахыг хориглосон

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-11-29 14:13:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-аар хэлэлцэн баталсан хуулиудыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор долоо хоногийн мягмар гарагт “Хуулийн мэдээллийн цаг” сэтгүүлчидтэй хийх уулзалтыг УИХ-аас зохион байгуулж буй. Уг уулзалтын өнөөдрийнхөд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд туссан голлох зүйл заалтуудаар тайлбар хийх үеэрээ “Ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн төрийн байгууллагууд төрийн ёслол хүндэтгэл, гадаад арга хэмжээ зохион байгуулахаас бусад үед татвар төлөгчдийн мөнгөөр архи, согтууруулах ундаа худалдан авахыг хориглосон” болохыг хэллээ. 

 

Тэрбээр цааш хэлэхдээ “Манай улсын иргэдийн дунд архины буруу хэрэглээ, архидан согтуурснаас үүдэлтэй зуурдаар нас барах үзэгдэл, түүнийг дагалдах өвчлөл, гэмт хэргийн гаралт, согтуугаар автомашин жолоодон бусдын эд хөрөнгө, амь насанд аюул учруулах явдал жилээс жилд нэмэгдсэн ба дэлхийн дунджаас өндөр байна. Иймд дээрх хуулийн үзэл баримтлал нь баталгаа бүхий архи, согтууруулах ундаагаар хэрэглэгчдийг хангах замаар тэдний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг нь хангах, хоёрдугаарт зөв зохистой хэрэглээний соёлыг төлөвшүүлэх, гуравдугаарт хатуулаг өндөртэй архины хэрэглээг багасгахад чиглэгдсэн.

 

Тус хуулийн хүрээнд мэдээллийн сантай болж, үйлдвэрлэлийн анхан шатнаас болоод хилээр оруулж ирж буй архи, согтууруулах ундаа хэрэглэгчдийн гар дээр хүрэх бүхий л шатны мэдээллийг бий болгоно. Тусгай зөвшөөрлийн хувьд, худалдаа эрхлэх бол 5 жил, үйлдвэрлэл явуулах бол 10 жилийн хугацаатай олгоно. Хууль зөрчвөл тусгай зөвшөөрлийг нь цуцалдаг болно. Онцгой албан татварыг ялгамжтай байдлаар 4 үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Бусдыг архиар шахах, шахсаны улмаас согтуурсан үедээ гэмт хэрэгт холбогдсон бол согтуурах ундаагаар шахсан хүн хариуцлага хүлээнэ. Мөн 21 нас хүрээгүй иргэн архи согтуурах ундаа худалдах, түүнд худалдаалахыг хориглосон. Баар, цэнгээний газар шаардлагатай гэж үзвэл тухайн иргэний бичиг баримтыг шалгаж байж, насанд хүрсэн тохиолдолд архи, шар айргаар үйлчилнэ. Үйлчлэгч үйлчлүүлэгчийн иргэний үнэмлэх, гадаад паспорт, жолооны үнэмлэх, И-Монголиа зэрэг баримт бичгийг үндэслэж үйлчилгээ үзүүлэх бөгөөд үдэш оройн цагаар үйлчилгээ авсан бол иргэн хүн цэвэр усаар үнэгүй үйлчлүүлэх эрхтэй.

 

Аж ахуй нэгжүүдийн хувьд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд үйлчилгээ үзүүлэхгүй байж болно. Мөн такси үйлчилгээ, дуудлагын жолоочийн мэдээллээр иргэнийг хангана. Цагийн хуваарийг 11-22, 14-04 цагийн хооронд  нийслэл, аймгийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч цагийн хязгаарыг тогтоож болно. Түүнчлэн 18 градусаар дээш архины савалгаа 0.33-ын хэмжээтэй байхаар хуульд тусгасан. Гэхдээ зочид буудал, онгоцны үйлчилгээ зэрэгт энэхүү заалт хамаарахгүй" гэлээ. 

 

Түүнчлэн уламжлалт аргаар нэрсэн нэрмэл архийг гэрийн нөхцөлд хувийн хэрэглээнд хэрэглэхэд хууль үйлчлэхгүй аж.

 

Related news