Монгол Улс Тогтвортой хөгжлийн илтгэлээ ирэх оны 7 дугаар сард тайлагнана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-11-22 14:49:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн Үндэсний сайн дурын хоёрдугаар илтгэлийг боловсруулах ажлын уулзалт “Блью Скай” зочид буудалд өнөөдөр боллоо.


Энэхүү илтгэл нь Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх талаар хэр ахиц дэвшил гаргаснаас гадна ямар хүндрэл бэрхшээл тулгарч буй талаар үнэлж дүгнэх юм. Улмаар ирэх оны 7 дугаар сард НҮБ-ын Улс төрийн дээд түвшний чуулга уулзалтад уг илтгэлийг тайлагнана.


Дэлхийн улс орнууд 2030 он гэхэд бүх нийтээр Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангасан байх амлалтыг хүлээсэн. Эдгээр зорилгын хэрэгжилтийг үнэлж дүгнэж Үндэсний сайн дурын илтгэлийг НҮБ-д тайлагнадаг.


Монгол Улсын Засгийн газраас Тогтвортой хөгжлийн зорилгын Үндэсний сайн дурын анхдугаар илтгэлийг 2019 онд НҮБ-ын Улс төрийн дээд түвшний чуулга уулзалтад амжилттай танилцуулсан. Тэгвэл ирэх онд болох хоёрдугаар илтгэлээ танилцуулах улс орнуудын жагсаалтад багтсан юм. Тодруулбал, Монгол Улс 2023 оны 7 дугаар сард НҮБ-ын Тогтвортой хөгжлийн Улс төрийн дээд хэмжээний уулзалтад хоёр дахь удаагийн сайн дурын илтгэлээ танилцуулах улс орнуудын нэгээр товлогджээ.



Үндэсний сайн дурын илтгэл нь Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийн явц, гарсан ахиц дэвшил, тулгарч буй сорилт бэрхшээлийг үнэлж дүгнэж, тайлагнах арга хэрэгсэл болдог. Иймд, илтгэлийг боловсруулах үүрэг бүхий салбар дундын Ажлын хэсгийг Эдийн засаг, хөгжлийн сайдын тушаалаар байгуулаад байна.


Сайн дурын илтгэлд бэлтгэх ажлыг удирдах үүрэг хүлээсэн Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал өнөөдөр зөвлөгөөнд оролцогч нарт хандан "Аливаа бодлого, шийдвэрт олон талын оролцоог бодитой хангаж, харилцан зөвшилцөх нь хэрэгжилтэд ахиц гаргах гол үндэс” болохыг онцоллоо. 


Засийн газар, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлийн төлөөллийг өргөнөөр оролцуулсан энэхүү уулзалтаар уг илтгэлийг боловсруулах ажлын цар хүрээ, зураглалыг тодорхойлж байгаа юм. 


Зөвлөгөөн уулзалтыг НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра нээж хэлэхдээ, энэхүү хоёрдугаар илтгэл нь 2019 онд танилцуулсан анхдагч илтгэлээс хойш гарсан ахиц, үр дүнг тод харуулна гэдэгт найдаж буйгаа онцлов.


Тэрбээр, Ковид-19 цар тахал Монгол Улсын нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлж, ялангуяа хөгжлийн үр шимээс хоцрогдох эрсдэл бүхий хүн амын эмзэг бүлэгт ихээхэн хүндээр туссан. Үүний зэрэгцээ, дэлхий дахинаа нүүрлээд буй хямрал ч Монгол Улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаанд ихээхэн нөлөөлснийг НҮБ-аас хийсэн саяхны судалгаа нотоллоо. Иймд, сүүлийн жилүүдэд тохиосон олон тооны хямрал Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтэд хэрхэн нөлөөлснийг тайланд тусгана.


Монгол Улс хямралыг даван туулж, эдийн засгаа тогтвортой сэргээхэд бүхий л талтай хамтран ажиллаж, ихээхэн хүчин зүтгэл гаргах шаардлагатай тулгарч байна.ТХЗ-ын хэрэгжилтийг үнэлэх Үндэсний сайн дурын илтгэл нь Монгол Улсын Засгийн газрын "Шинэ сэргэлтийг бодлого"-д тусгасан хүртээмжтэй, тогтвортой хөгжилд хүрэхэд чиглэсэн ахиц дэвшил, хүндрэл бэрхшээлийг бүрэн зургаар харуулсан баримт бичиг болох юм гэв. 




Уулзалтын үр дүнд, Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, мөн оролцогч талуудын санал зөвлөмжийг тусгаснаар Монгол Улсын Засгийн газраас Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн Үндэсний сайн дурын хоёрдугаар илтгэлийг үндсэн агуулгыг бэлтгэх юм. 



Related news