ДАРХАН-УУЛ: “D-Parliament” вэб, аппликейшн хосолсон системийг төрийн албан хаагчдад танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-09-27 20:35:21

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн төрийн албан хаагчидтай УИХ-ын дарга Г.Занданшатар уулзлаа.


Тэрээр D-Parliament буюу УИХ-ын хууль тогтоох ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилготой парламентын шинэчлэлийн хөтөлбөрийг танилцуулсан юм. УИХ-аас улс төрийн шинэчлэлийг хийх багц үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж байгаа аж. Түүний нэг нь энэхүү D-Parliament вэб, аппликейшн хосолсон систем бөгөөд технологийн дөрөвдүгээр хувьсгалын эрин үед иргэд төрийн үйл ажиллагаанд хяналт тавих, идэвхтэй оролцох бололцоог D-Parliament олгох ажээ. Нэг үгээр цахимаар хууль тогтоох процесс гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ. Уг системийн гол зорилго нь Үндсэн хуулийн 3.1-д Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ. Энэ заалт нь төрийн албан хаагч та бүхний эдэлж буй эрх, ажил ард түмнээс эх сурвалжтай байна гэсэн агуулгатай заалт гэдгийг УИХ-ын дарга тайлбарлав.

Тус уулзалтад 400 гаруй төрийн албан хаагч оролцов. Оролцогчдын 40 орчим хувь D-Parliament аппликейшнийг утсандаа суулгасан аж. Харин ашиглалтын тухайд арав хүрэхгүй хувьтай байгаа ажээ. Тиймээс таны амьдралыг шийддэг, хуулийн төслийг боловсруулахад иргэн бүрийн санал тусгагдах боломжийг тус платформ бий болгож буй тул идэвхтэй ашиглахыг хүсэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчидтай уулзсан уулзалтад УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Т.Аубакир нар оролцлоо.

 

 

 

Related news