П.Анужин: Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг ирээдүй алсаа харж хэрэгжүүлэх шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-09-26 17:34:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр /2022.09.26/ “Халамжаас-Хөдөлмөрт” хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.


Засгийн газраас халамжаас хөдөлмөрт бодлогыг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд гаргаж, олон санал санаачилга, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Энэ санал санаачилгыг бодлогын хувьд цэгцлэх, үндэсний хэмжээний нэгдмэл ойлголтыг бий болгох, нийгмийн халамжийн гэх тодотголтой бодлогыг цаашид нийгмийн цогц бодлогын нэг хэсэг болгон хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн учраас энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа гэдгийг Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин хэлэлцүүлгийн эхэнд онцоллоо.


Тэрбээр “Өнөөдрийг хүртэл бидний хэрэгжүүлж ирсэн бодлогын хүрээнд халамж хэт хавтгайрч, хөдөлмөрт бус халамжид дулдуйдсан нийгэм бий болох хандлага гүнзгийрч байгааг бид залруулахын тулд “Халамжаас-Хөдөлмөрт” бодлогыг санаачилсан. Цаашид нийгмийг бүхэлд нь хамарсан хөтөлбөр болгон хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг ирээдүй алсаа харж хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг шат шатандаа ойлгох ёстой” хэмээв.


2021 оны байдлаар нийгмийн халамжийн зардал 2 их наяд төгрөгт хүрч энэхүү зардал нь төсвийн нийт зардлын 11.9 хувьд хүрээд байгаа аж. Түүнчлэн 2012 оноос хойш халамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэдийн тоо 555.5 мянгаас 2.5 сая болж 4.6 дахин нэмэгджээ. Хэдийгээр үүн дотор хүүхдийн мөнгөн тэтгэмж орсон гэж тайлбарладаг боловч нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээ авч буй иргэний тоо 3.5 дахин, үүн дотор нийгмийн халамжийн тэтгэмж авч буй иргэний тоо 4.6 дахин, асаргааны тэтгэмж авч байгаа иргэний тоо 21.7 дахин, өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж авагч 3.2-8.89 дахин нэмэгдээд байгаа аж.


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцүүлэгт оролцож үг хэллээ. Тэрбээр “Хөдөлмөрийн насны иргэн бүр ажил хөдөлмөр эрхэлж, улс орон, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, өрх гэрээ авч явах үүрэгтэй. Өнгөрсөн хугацаанд нийгмийн олон төрлийн халамж олгож ирсэн. Зарим нь эзнээ олоогүй гэх шүүмжлэл ч дагуулсан. Бодит байдал ч үүнийг гэрчилж байгаа. Ажиллах хүчний хомсдол их байна. Хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалтыг эргэж харах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн тулд олон талт ажиллагааг хэрэгжүүлэх хэрэгтэй. Түүнчлэн хөдөлмөрийн насны залуусаас гадна ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого шаардлагатай байна. Аливаа бодлого шийдвэр эдийн засагт эерэг нөлөө авчрах ёстой. Иймд бодлогын шинжилгээг оновчтой хийж, төслөө нийт иргэдээр хэлэлцүүлж гаргах шаардлагатай” гэдгийг онцлов. Түүнчлэн халамжаас хөдөлмөрт шилжих шинэчлэлийн шинэ зорилтыг амжилттай хэрэгжүүлэх олон шинэлэг санал санаачилга гарна гэдэгт итгэж байна гэв.


Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никейз, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич нар халамжаас хөдөлмөрт бодлогын хүрээнд үг хэллээ.


Үүний дараа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл “Нийгмийн халамжийг зорилтот бүлэг рүү шилжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын арга хэмжээ”, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр “Хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, ажлын байрны эрэлт, нийлүүлэлтэд тулгуурлан мэргэжилтэн бэлтгэх талаар бодлого, зорилтууд”, Европын холбооны санхүүжилтээр НҮБХХ, НҮБ-ийн ХХААБ, ОУХБ-ын хэрэгжүүлж буй “ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслөөс “ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн.


Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын гишүүн Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин “Улсын Их Хурал хууль тогтоохоос гадна хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангах үүрэгтэй ажилладаг. Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилт дээр Байнгын хороо анхааран ажиллах болно. Өнөөдрийн хэлэлцүүлгээр олон талын байр суурийг сонслоо. Цаашид салбар салбараар нь энэ хэлэлцүүлгийг зохион байгуулах нь зүйтэй. Бид шат шатандаа халамжаас хөдөлмөрт шилжих ухамсрыг бий болгохын төлөө ажиллах шаардлагатай” гэлээ.

Related news