СЭЛЭНГЭ: “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт 17 хүүхэд шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-09-20 17:04:50

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзол хангасан 415 сурагчийн 17 нь Сэлэнгэ аймгаас шалгарчээ.

 

Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрийн нэг шилдэг төгсөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт–2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 2022 оны бэлтгэл хөтөлбөрийн эзэд тодорлоо.

 

Автоматаар шүүж гаргасан шилдэг төгсөгчдийн жагсаалтыг нийслэлийн Боловсролын газар, аймгуудын Боловсрол, шинжлэх ухааны газраар баталгаажуулан, нийт 415 хүүхдийн нэрийг зарлаад байна. Эдгээр болзол хангасан суралцагч төрийн өмчийн их, дээд сургуулийн бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцаж, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэл хийх ажээ.

 

Бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн суралцагчид бэлтгэл хөтөлбөрийн сурлагын амжилт, болзол хангасан байдлаас хамааран аль улсын ямар их сургуульд сурах нь шийдэгдэх аж.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн журамд зааснаар харьяалагдах сум, хорооныхоо хамран сургах тойргийн сургуульд сүүлийн гурваас багагүй жил суралцан төгссөн. Математик болон гадаад хэлний Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны дунджаар сум, хороондоо тэргүүлсэн зэрэг болзолыг хангасан хүүхдүүд энд багтаж байгаа юм.

 

Мөн дээрх хүүхдүүдийг харилцааны чадвар, албан бичгийн чадвар, суралцах орны соёл, нийгмийн хариуцлага, олон нийтийн ажил зэрэгт сургаж бэлтгэх аж. Түүнчлэн энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн 415 хүүхэдтэй бэлтгэл хөтөлбөрийг зохион байгуулах их, дээд сургуулиуд холбогдож зааварчилгаа мэдээлэл өгөх аж.

 

 

Related news