Улаанбаатар хотноо гимнастикийн Азийн АШТ, “Гимнастрада” их наадам болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2022-08-18 11:27:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Олон улсын гимнастикийн холбооны Нийтийн гимнастикийн техникийн хорооны дэд ерөнхийлөгч Араки Тацуог хүлээн авч уулзлаа.


Азийн гимнастикийн холбооноос Улаанбаатар хотноо 2023 онд гимнастикийн найм дахь удаагийн Азийн АШТ, 2024 онд зургаа дахь удаагийн Азийн “Гимнастрада” их наадам зохион байгуулах эрхийг Монгол Улсад олгосон. Энэ хүрээнд спортын ордон, барилга байгууламж, тамирчдын байрлах зочид буудал зэргийг шалгахаар Олон улсын гимнастикийн холбооны Нийтийн гимнастикийн техникийн хорооны дэд ерөнхийлөгч Араки Тацуо манай оронд ирээд байна. 


Уулзалтын үеэр Араки Тацуо “Гимнастрада” наадмын талаар танилцуулж, Олон улсын гимнастикийн холбоо бэлтгэл ажилд анхаарлаа хандуулж байгааг онцлов. 


МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өндөр зэрэглэлийн хоёр тэмцээн зохион байгуулахаар болсон Монголын гимнастикийн холбоотой хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Related news