Гурил үйлдвэрлэгчид ХААДС-гийн агуулахыг ашиглана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-08-16 15:13:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Ажлын алба, Гурилын холбоо, “Милл хаус”, “Улаанбаатар гурил”, “Дорнод гурил”, “Өег гурил”, “Ерөнцагаан”, “Агрофийт” компанийнхан удирдлагуудтай өнөөдөр цахимаар уулзав.


Уулзалтаар ирэх жилийн дотоодын зах зээлийн гурилын хангамж, улаанбуудайн нөөц бүрдүүлэлт, үнийн зохицуулалт, буудай хадгалах сав агуулах, гурилын экспорт, хивэг үйлдвэрлэл зэрэг асуудлаар санал солилцлоо. 


Үйлдвэрлэгч нар “Сайн чанарын улаанбуудайгаар гурил үйлдвэрлэхийн тулд тариаланчид ч, гурилын үйлдвэрүүд ч нэгдсэн лабораторид дээжээ өгдөг, тэндээс гарч байгаа хариуг баримталдаг болох хэрэгтэй” хэмээн онцолж байв. Мөн  улаанбуудай хадгалах сав, агуулахын хэрэгцээ их байгааг онцолж, ХААДС-ийн агуулахыг ашиглах хүсэлт тавилаа. Сав, агуулахын асуудлыг шийдэж чадвал гурил, тэжээлийн дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй, гаднын зах зээл дээр өрсөлдөх боломж бүрдэнэ гэдгийг дурдсан юм.


Манай улсын гурилын зах зээлийн багтаамж нь 210 мянган тонн. Үндэсний үйлдвэрлэгчид дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад цаана нь гадагшаа гурилаа борлуулах бүрэн боломжтойг ХХААХҮ-ийн сайд онцлов. Мөн тэрбээр үйлдвэрлэгчдийн дээрх саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд, "Хэдэн ч компанид гадагшаа гурил борлуулах квот өгөхөд бэлэн. Аж ахуйн нэгжүүд ХААДС-ийн агуулахыг ариутгал, цэвэрлэгээ, ашиглалтын урсгал зардлыг хариуцан ашиглах боломжтой” хэмээсэн юм.

Related news