Замын төлбөр авдаг 35 цэгийг бүрэн цахимжуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-08-10 14:20:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар манай улсад байгаа замын төлбөр авах цэгийг бүрэн цахимжуулж эхлэх тодорхой шийдвэрүүд гаргасныг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан мэдээлэв.


Монгол Улсад олон улсын болон орон нутгийн тодотголтой зам 15 мянга орчим км байдаг. Одоогоор 35 цэгт замын төлбөр хураамж авч байна. Цахимжаагүй учир орлого нь тодорхойгүй байдаг энэ үйлчилгээг бүрэн цахимжуулахаар болжээ. Замын хураамжаас жил бүр 30 орчим тэрбум төгрөгийн орлого төсөвт ордог. Бүрэн цахимжуулснаар энэ орлого 30 хувиар буюу 9 тэрбум төгрөгөөр нэмэгдэн, энд ажиллаж буй хүмүүсийн орон тоо 35 хувиар багасах аж.


“Цаашид 23 цэгийг нэмж цахимжуулах бололцоотой. Ингэхдээ иргэдэд чирэгдэлгүй байдлаар QR код уншуулах, картаар төлбөр хийх зохион байгуулалт төлөвлөж байгаа. Үүнд улсын төсвөөс хөрөнгө гарахгүй, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийнэ” гэж сайд Л.Энх-Амгалан тодотгов.


Түүнчлэн Улсын бүтгэлийн ерөнхий газраас энэ сарын 9-ний байдлаар 252 мянган иргэнд тоон гарын үсэг олгоод байна. Цаашид тоон гарын үсэг нь цахим шилжилтийн гол хэрэгсэл болох бөгөөд иргэд төр, хувийн хэвшлийн үйлчилгээг хаана байрлахаас үл хамааран хүнд сурталгүй авах боломжтой болно. Цаашид нотариат ч хэрэггүй болох боломж бүрдэж байгааг сайд Л.Энх-Амгалан онцоллоо. 

Related news