Л.Энх-Амгалан: Нийслэлийн 26 байршилд цэцэрлэг түрээслэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-05-31 14:53:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх тогтоолыг баталсан байна.


УИХ-аас Төсвийн хэмнэлтийн тухай хууль, Төсвийн тодотголыг баталсан. Ингэхдээ нийсэлэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах үүднээс улсын төсвөөс 100, нийслэлийн төсвөөс 100 тэрбум төгрөгийн санхүүжилтыг шийдвэрлэжээ. Тиймээс цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэх хэд хэдэн арга замыг тодорхойлсон байна.


Нэгдүгээрт, энэ онд улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 3000 хүүхдийн багтаамж бүхий 20 цэцэрлэг ашиглалтад орох аж. Түүнчлэн нийслэлийн хамгийн өндөр ачаалалтай 26 байршилд цэцэрлэг түрээслэх бөгөөд ирэх долоо хоногт түрээслэх боломжтой газруудын судалгаа хийхээр төлөвлөсөн байна.


Хоёрдугаарт, орон сууцны нэгдүгээр давхаруудыг худалдан авах,


Гуравдугаарт, шинэ технологийн гэр цэцэрлэг ашиглахаар шийдвэрлэсэн байна. Нийслэлд 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барихад 1.8 тэрбум төгрөг шаардлагатай байдаг бол шинэ технологи бүхий 100 хүүхдийн багтаамжтай гэр цэцэрлэг байгуулахад 300 сая төгрөг зарцуулна гэсэн тооцоолол гарчээ.


Дөрөвдүгээрт, байгууллагын цэцэрлэгийг хувьсах зардлаар дэмжих аж. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 21 байгууллагын цэцэрлэгт 1700 хүүхэд суралцаж байна. Улмаар хамран сургах тойргийг шинээр төлөвлөх болжээ. Өмнө нь хамран сургах тойргийг тухайн хороонд байгаа төрийн өмчит цэцэрлэгээр төлөвлөдөг байсан. Харин шинээр төлөвлөхдөө төрийн болон хувийн өмчийн цэцэрлэгийн багтаамжийг нарийвчлан гаргах аж. Өөрөөр хэлбэл, хамран сургах тойргийнхоо хүүхдийг авсан хувийн цэцэрлэгт хувьсах зардлыг хоёр дахин нэмж олгохоос гадны хоолны зардлыг нь өгөхөөр шийдвэрлэсэн юм. Энэ шийдвэрийн хүрээнд хувийн цэцэрлэгүүдийн идэвх нэмэгдэж байгааг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээлэв.


БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, “Нийслэлийн цэцэрлэг хүртээмжгүй, хүүхдүүд сугалаанд хамрагдах болсон нь хэд хэдэн үндэслэлтэй. Хамран сургах тойргийн хүүхдүүдийн бүртгэлийг буруу гаргадаг. Бүртгэл буруу учраас төлөвлөлтөө буруу хийдэг. Монгол Улсын хэмжээнд 2-5 насны хүүхдийн 77.5 хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа. Нийслэлд  2-5 насны 141 мянган хүүхэд байгаа боловч төрийн 276, хувийн 398 цэцэрлэг ердөө 104 мянган хүүхдийн багтаамжтай. Өөрөөр хэлбэл, 30 гаруй мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Үүнээс 24 мянга нь 2 настай буюу сугалаагаар цэцэрлэгт орох үеийн хүүхэд байгаа юм. Энэ оны есдүгээр сарын 1 гэхэд нийслэлд цэцэрлэггүй байгаа хүүхдүүдийн 80-90 хувийг сугалаагүйгээр цэцэрлэгт орох боломжийг бүрдүүлнэ” хэмээв.


Засгийн газрын хуралдааны товч мэдээ:

· Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, экспорт, импортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг тасалдуулахгүй, хэвийн үргэлжлүүлэх зорилгоор Дорноговь аймгийн Замын-Үүд хилийн боомтод Засгийн газрын 2022 оны 27 дугаар тогтоолоор тогтоосон тусгай горимын хугацааг 2022 оны есдүгээр сарын 1 хүртэл сунгалаа.

· Нийтийн мэдээллийн дэд бүтэц, төрийн цахим үйл ажиллагаанд хамаарах цахим төсөл, хөтөлбөр, арга хэмжээний нэгдсэн бүртгэл хөтлөх журмыг баталлаа.

· Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

· Дотоодын цэргийн 805 дугаар ангийг хошууч генерал Алтангэрэлийн Думбарайн нэрэмжит болголоо.

Related news