Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг УИХ дараалал харгалзахгүй хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-05-13 10:35:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хууль, тогтоолын төсөл өргөн мэдүүлбэл УИХ дараалал харгалзахгүйгээр хэлэлцэнэ гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдааны үеэр онцоллоо.


Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы өнөөдрийн ээлжит хуралдаанд Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын талаар мэдээлэл хийж, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлэх санаачилга дэвшүүлсэн. Тэрбээр, “Ирэх таван жилд хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангая. Өөрөөр хэлбэл, мах, сүү, төмс, лууван, байцаа, сонгино, сармис, хүрэн манжин, гурил, цөцгийн давс, тахианы мах, ургамлын тосыг дотоодоос бүрэн хангаж, цаашдаа элсэн чихэр, төрөл бүрийн будаа, гахайн мах, жимс, жимсгэнээр хангах ажлыг эхлүүлье” хэмээсэн юм.


Мэдээллийн дараа УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн. КОВИД-19 цар тахал, олон улсын геополитикийн асуудлаас үүдэн дэлхий нийтэд хүнсний хомстол бий болж буй. Монгол Улсад хаврын тариалалтын ажил өрнөж буй энэ цаг үед Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний аюулгүй байдлыг хангах санаачилга, Засгийн газрын зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө УИХ, Засгийн газар, аж ахуйн нэгж, иргэн бүрийг хичээн ажиллахыг УИХ-ын дарга уриалж, 5 чиглэлээр үүрэг өглөө.


Нэгдүгээрт, хүнсний аюулгүй байдлыг хангах талаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан хууль, тогтоолын төслийг нэн яаралтай горимоор дараалал харгалзахгүй хэлэлцэн батлах шаардлагатай байна. Тариаланчдаа дэмжиж, эх орондоо эрүүл хүнс тарих ажлыг бүх шатанд хэрэгжүүлэх хэрэгтэй хэмээв.

Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн санаачилсан тогтолцооны таван шинэчлэлийн хүрээнд хууль, эрхзүйн давхардлыг арилгах, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын хүрээнд Хөдөө аж ахуйн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, батлах, УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн боловсруулж, ирэх долоо хоногт батлахад Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, ХХААХҮЯ хамтран ажиллахыг чиглэл болгов.

Гуравдугаарт, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх, түүхий эд бэлтгэн нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэх бодлого, хууль тогтоомжийг боловсруулж, хэлэлцүүлэх ажлыг шуурхай хэрэгжүүлэхийг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд даалгалаа.

Дөрөвдүгээрт, хүнсний аюулгүй байдлын хяналтыг сайжруулах оновчтой бүтэц, тогтолцоо бүрдүүлэх, хөдөө аж ахуй, хүнсний салбарын хүний нөөц, санхүү даатгалын оновчтой тогтолцоо бүрдүүлэх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо анхааралдаа авч, Засгийн газар, холбогдох яамдтай хамтран шийдвэрлэх нь зүйтэй.

Тавдугаарт, хүнсний хангамж, аюулгүй байдлын чиглэлээр үндэсний хөдөлгөөн өрнүүлэх, шаардлагатай бодлого, шийдвэр гаргах мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй УИХ-ын ажлын баг эсхүл түр хороо байгуулах боломжтой.

Related news