Монголын уран зураг сэргээн засварлах анхны лабораторийг 9-р сард нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын уран зургийн хосгүй үнэт бүтээлүүд
хадгалагдаж буй Монголын уран зургийн галерей олон улсын стандарт
бүхий, уран зураг сэргээн засварлах иж бүрэн лабораторитой болно.
Холбооны Бүгд Найрамдах Герман улс /ХБНГУ/-ын Элчин сайдын яам, Гёте институтийн дэмжлэгтэй Монголын Уран зургийн галерейн дэргэд “Уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулах” төслийг 2021 онд боловсруулан ХБНГУ-ын Холбооны гадаад хэргийн яамны “Соёлын өвийг хамгаалах хөтөлбөр”-т илгээсэн нь дэмжигджээ. Ингэснээр “Уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулах” төсөлд дэмжлэг үзүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр ХБНГУ-ын Элчин сайдын яаманд боллоо.
Уран зураг сэргээн засварлах Монголын анхны
энэхүү лаборатори нь Монголын уран зургийн галерейн сан хөмрөг дэх галд гэмтсэн
бүтээлүүдийг сэргээн засварлах бөгөөд улмаар Монгол Улсын хэмжээнд уран зураг
сэргээн засварлах үйл ажиллагаа явуулах юм.
Санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээнд гарын
үсэг зурах ёслолын үйл ажиллагааг нээж ХБНГУ-аас
Монгол Улсад суугаа Элчин сайд Еорн Розенберг хэлсэн үгэндээ, "Соёлын
өвийг хадгалан хамгаалах нь ямар ч улсын ард түмний хувьд маш өндөр ач
холбогдолтой байдаг. Учир нь соёлын өв нь өөрийн орны түүхээ анхааран дээдлэх,
орчин үе дэх байр сууриа олох үндэс суурь нь болдог. Тиймээс бид ХБНГУ, Гадаад
хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад
ийнхүү 2 дахь удаагаа томоохон төслийн хүрээнд дэмжлэг олгож буйд баяртай
байна.
Энэхүү шинэ төслийн хүрээнд бид хамтдаа Монголын уран зургийн галерейд ноу хау бий болгож, мэргэшсэн лаборатори байгуулснаар уран зургийн соёлын өвийг ирээдүйн залгамж үедээ хадгалан өвлүүлэх боломж бүрдүүлж, Герман-Монголын хамтын ажиллагааны түүхэнд дараагийн нэгэн амжилт бүхий хуудсыг нээж байна" хэмээн онцоллоо.
Мөн Соёлын сайд Ч.Номин хэлэхдээ, Монголын дүрслэх урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа ХБНГУ-ын Элчин сайд ноён Ёорн Розенберг, сэргээн засварлагч Сузанне Эрхардс, Монгол дахь Гёте институт болон “Холбооны гадаад хэргийн яамны соёлын өвийг хамгаалах хөтөлбөр”-ийг Монгол Улсад амжилттай эхлүүлэхэд гар бие оролцсон хүн бүрд талархал илэрхийлээд, "Монголын уран зургийн галерейд оруулж буй хөрөнгө оруулалт нь хоёр улсын соёлын салбарын гадаад хамтын ажиллагаа шат ахисан, манай улсын дүрслэх урлагийн салбарын сэргээн засварлалтад бодитой дэвшил авчирсан алхам боллоо гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна. Цаашид энэхүү лаборатори нь галын гэмтэлтэй бүтээлүүдийг сэргээн засварлахаас гадна дүрслэх урлагийн бүх л чиглэлээр сэргээн засварлах лабораторийн үндэс суурь болох юм” гэлээ.
2008 оны 7 дугаар сарын 1-ний үймээн болон 2009 онд гарсан гал түймэрт нийт мянга гаруй уран бүтээл өртсөнөөс дийлэнхийг нь улсын төсөв болон гадаад улсуудын дэмжлэг, сайн дурын төслүүдээр сэргээн засварлаж чадсан ч үлдсэн цөөнгүй бүтээл нь сүйдсэн хэвээр өнөөдрийг хүрчээ.
Монголын Уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа, “Энэ төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улсаас 18 мянган евро гаргах хариуцлага хүлээж байгаа. Үүнтэй холбоотойгоор бид төсөл бичиж Монголын томоохон байгууллагуудад хандсан. "Эко констракшн" болон "MCS" ХХК-иас дэмжих хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Бид "MCS" ХХК-тай хамтран ажиллахаар болоод байна. Урлагийн зөвлөл болон "MCS" ХХК хамтран лабораторийн тохижилтыг манайд хийж өгөхөөр болсон” гэдгийг тодотгосон юм.
Тус гэрээг байгуулснаар сэргээн засварлах лаборатори байрлах өрөөний засвар, тохижуулалтыг нэн даруй эхлүүлж, 2022 оны 9 дүгээр сард сэргээн засварлах лабораторийг нээж, сэргээн засварлагчдын эхний сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
ХБНГУ,
Гадаад хэргийн яам нь нийт 13 сарын хугацаанд хэрэгжих төсөлд зориулан 100
мянган еврогийн дэмжлэг үзүүлэх бөгөөд Монгол дахь Гёте Институт, Монгол Улсын
Соёлын яам, Монголын Урлагийн зөвлөл, "Эм Си Эс" групп зэрэг дэмжигч
болон түнш байгууллагууд төслийн хүрээнд хамтран ажиллана.
Ташрамд дурдахад, Монголын Уран зургийн галерей бол БШУЯ-ны харьяа, сайдын шууд удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг төрийн үйлчилгээний байгууллага. Анх 1991 онд Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейгээс салбарлаж үүсгэн байгуулсан орчин үеийн дүрслэх урлагийн музей юм. Монголын Уран зургийн галерей 31 жилийн түүхэндээ давтагдашгүй урлагийн бүтээлийн сан хөмрөгөөр баяжигдан ирсэн бөгөөд хосгүй үнэт өвүүдийг үзэсгэлэнгийн танхимдаа байрлуулж, иргэдийн урлаг, гоо зүйн боловсролд хувь нэмрээ оруулж байгаа юм.