Сарыбай Кайрат Шораевич: Монгол Улс Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
delgermaa@yahoo.com
2022-05-13 08:49:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ)-ын гүйцэтгэх захирал Сарыбай Кайрат Шораевич 5 дугаар сарын 10-11-нд Монгол Улсад ажлын айлчлал хийсэн билээ. Түүнтэй манай сурвалжлагч уулзаж ярилцлаа.


-Кайрат Шораевич яриагаа таны айлчлалын зорилгоос эхэлье.

-Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ) удахгүй гишүүн орнуудынхаа  төр, засгийн тэргүүнүүдийн  6 дахь  удаагийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах гэж байна. Тиймээс би АХАИББХ-ын гишүүн орнуудаар айлчилж манай нарийн бичгийн даргын газар  юу юу хийхээр ажиллах  талаар тодорхой мэдээлэл өгөхөөр ажлын айчлал хийж байна. Мөн гишүүн орнуудынхаа байр суурь, бидний ажлыг хэрхэн үнэлж дүгнэж  байгааг мэдэх нь маш чухал. Монголд хийж буй айлчлаын зорилго нь гэвэл дээд хэмжээний уулзалтын өмнө  уулзах явдал. Улаанбаатар хотноо танай албаны хүмүүстэй хийсэн уулзалтандаа би сэтгэл хангалуун байгаа. Танай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ГХЯ-ны  албаны хүмүүс, Монголын талаас АХАИББХ-ын Ахмадын зөвлөлд нэрийг нь дэвшүүлээд буй нэрт дипломат Бэхбаттай уулзлаа. Мөн Дипломатын академийн сонсогчидтой энэ амаргүй цаг үед  АХАИББХ яаж ажиллах, Монголтой  хэрхэн хамтрах талаар маш сонирхолтой яриа өрнүүлсэн.


-Та манай уншигчдад Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын талаар  арай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Миний мэдэхээр тус байгууллагыг Казахстаны анхны Ерөнхийлөгч Н.Назарбаев санаачлан байгуулсан. Байгуулах шалтгаан нь юу байв?

-Н.Назарбаев тусгаар Казахстан улсын анхны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа АХАИББХ-ыг байгуулах санаачилга гаргасан. Яагаад гэдэг асуултанд хариулахын тулд түүхийг эргэн нэг харах хэрэгтэй болов уу. Ази тивд Төв Ази хэмээх бүс нутаг бий болсон. 1990-ээд он хүртэл тус бүсэд багтдаг улс орнуудад уулзаж хамтын ажиллагаа, аюулгүй байдал, энхийг сахиулах зэрэг асуудлаар санал бодлоо солилцдог тийм байгууллага байгаагүй. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны бага хурал гэж байгууллага байсан нь  Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага  болсон. Казахстан Төв Азийн бүс нутгийн төвд, Ази, Европын зааг дээр оршдог ийм байгуулагатай болох нь зайлшгүй шаардлагатай гэдгийг Н.Назарбаев мэдэрсэн.  Түүнийг байгуулахаас өмнө уг асуудлаар олон удаа мэтгэлцээн зохион байгуулж, зөвлөлдсөн. Казахстаны дипломатчдын хүчин чармайлтын ачаар 2002 онд анхны бага хурлаа хийж  түүний үндэс суурь нь болсон Алматагийн баримт бичгийг  баталсан байдаг. Энэ нь Казахстан анхнаасаа олон талт дипломат бодлого явуулсантай холбоотой гэж хэлж болно.  Өнөө үед газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолоо зөвхөн  цэргийн хүчээр хамгаалах аргагүй гэдгийг МОнголын уншигчид  ойлгож байгаа байх.  Тиймээс бидний зорилго, итгэлцэл, аюулгүй байдлыг хангаж чадахүйц тийм л байгууллагатай болж, олон талт бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй.


-Өнөөдрийн байдлаар АХАИББХ нь хэчнээн байнгын бөгөөд ажиглагч гишүүнтэй вэ?

-1990-ээд онд АХАИББХ-ыг  байгуулах асуудлаар зөвлөлдөж эхлэхэд 12 улс оролцсон байдаг. Анхны баримт бичгийг 1999 онд батлахад 15 гишүүнтэй болсон бөгөөд өнөөдрийн байдлаар  Азид гэхэд 27 гишүүнтэй. Эдгээр гишүүн орнууд  нь Ази тивийн газар нутгийн 90 хувийг бүрдүүлдэг. Хүн амын хувьд гэвэл манай дэлхийн хүн амын тэн хагасаас нь илүү. Гишүүн орнууд маань Номхон далайгаас Газрын дундад тэнгис, Уралын нуруунаас Энэтхэгийн далай хүрч нэлээд өргөн уудам нутгийг эзэлдэг.


- АХАИББХ-д зөвхөн Ази тивд оршдог орнуудыг гишүүнээр элсүүлдэг үү. Яваандаа хүрээгээ тэлэх төлөвлөгөө бий юу?

- Бид нэг зарчмыг баримталдаг. Юу гэхээр зөвхөн Ази тивд оршдог улс орнууд гишүүнээр элсэнэ. Гэхдээ газар зүйн хувьд шүү дээ. Манай ажиглагч гишүүд дотор Азид хамаардаггүй улс орнууд ч бий. Жишээ нь Беларусь, Украин, АНУ. Газар зүйн хувьд авч үзвээс Евроазид оршдог гурван улс бий. Энэ нь Орос, Казахстан болон Турк бөгөөд Африк Ази тивд орших Египет улс байна.


-Дэлхийн улс төрийн нөхцөл байдал нэлээн ээдрээтэй байгаа өнөө үед  Азид энхтайван, тогтвортой байдлыг сахиулахад АХАИББХ ямар үүрэг гүйцэтгэж байна?

-Би 1991 оноос Казахстаны дипломат байгууллагуудад ажилласан. Минйи санаж байгаагар дэлхийд ямар нэгэн мөргөлдөөн зөрчил гарч байгаагүй жил гэж үгүй. Том, жижиг янз бүрийн зөрчилдөөнүүд байнга гарч байсан бөгөөд  цар хүрээ, нөлөөлөл, аль зэрэг эрчимтэй мэдээлж байгаагаараа  ялгардаг. Ерөнхийдөө  манай дэлхийн байдал нэлээд хурцдаж урд өмнө нь байсан тогтолцоо үгүй болж байна.  Азид үзэл бодлын зөрчлөөс үүдэлтэй том мөргөлдөөн гараагүй бөгөөд үүгээр би үнэхээр бахархдаг. Мэдээж жижиг зөрчилдөөн гарч байгаа. Гаднаас Азийн улс төр, эдийн засагт нөлөөлөх гэсэн оролдлогууд анзаарагддаг. АХАИББХ бол маш энгийн зарчмыг баримталдаг. Юу гэхээр бүх гишүүд нь тэгш эрхтэй. Харилцан зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрээ гаргадаг бөгөөд тус байгууллагад нөлөө багатай, ихтэй гишүүн гэж үгүй. Өөрөөр хэлбэл манайх ардчилсан зарчимтай гэсэн үг. Түүнээс гадна манай бүтэц уян хатан. Аливаа ажлыг сайн дурын, харилцан итгэлцлийн үндсэн дээр хийдэг.  Ямар ч улс оронд үүнийг заавал хий гэж тулгадаггүй, зөвхөн ярилцаж тохиролцсоны үндсэн дээр хийнэ. Тиймээс ч АХАИББХ нь хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл дээр үндэслэсэн яриа хэлэлцээ хийж, үүний ачаар бид хамтын ажиллагаагаа бататган аюулгүй байдал, энхтайвныг сахиулж чаддаг.


- АХАИББХ  гишүүн орон  Монголоос ямар хүлээлттэй байна?

- АХАИББХ-ыг  Монголд зориулж байгуулсан юм шиг санагддаг. Монгол хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ  гэж боддог. Учир нь нэгдүгээрт, Монгол бол далайд гарцгүй улс. Манай байгууллага нь гишүүдийн харилцаа, холбоонд суурилан үйл ажиллагаа явуулдаг. Тодруулбал ард иргэдийн харилцаа, эдийн засгийн, тээврийн гээд маш олон салбарт  гишүүн орнууд хоорондоо уялдаа холбоотой ажиллах юм.  Монгол  хоёр биш 26 хөрштэй гээд бод доо. Газар зүйн хувьд биш шүү дээ.  Энэ нь Монголын гадаад бодлого, эдийн засгийн хөгжил зэрэгт ямар их нөлөөтэй байх уу. Өнөөдөр дэлхийн уур амсьгалын өөрчлөлттэй тэмцэх нь маш чухал үйлс болоод байна. Энэ өөрчлөлтын улмаас бидний амьдралын хэв маяг алдагдаж, хүмүүс аргагүйн эрхэнд амьдарч байгаа газраасаа нүүхээс өөр аргагүй байдалд хүрлээ. Энэ бүхэнтэй бид тэмцэх ёстой. Монгол цөлжилттэй тэмцэх, мод тарих гээд олон арга хэмжээг зохион байгуулж байгаа. Зарим улс орнуудад мод суулгах шинэ технологи бий болж, зарим нь ийм үйлсэд санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Энэ чиглэлээр Монголд маш их эерэг нөөц байгаа бөгөөд энэ ажлаа АХАИББХ-ын хүрээнд  хэрэгжүүлэх боломжтой. Эцсийн эцэст бид энхтайван, аюулгүй байдал, эрх тэгш байх тухай л ярьж байгаа. Олон талт бодлого л эрх тэгш байдлыг хангаж өгнө.

Related news