Сингапур Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрийг соёрхон баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-04-10 16:51:55

СИНГАПУР. /Kyodo/. Сингапур дэлхийн чөлөөт худалдааны хамгийн том бүсийг байгуулах Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрийг /RCEP/ соёрхон баталсан анхны орон боллоо гэж тус улсын Худалдаа, аж үйлдвэрийн яам баасан гарагт мэдэгдэв.


“Энэхүү хэлэлцээрийг соёрхон баталснаар Сингапур түншүүдтэйгээ худалдаа, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэх чин хүсэлтэй буйгаа илтгэн харуулж байна” гэж Худалдаа, аж үйлдвэрийн сайд Чан Чун Син мэдэгдсэнийг яамны мэдэгдэлд уламжилжээ. 


Мөн хэлэлцээрийг байгуулсан бусад орон энэхүү баримт бичгийг баталж, хүчин төгөлдөр болоход нь хувь нэмрээ оруулна хэмээн найдаж буйгаа Чан Чун Син илэрхийлсэн байна.


Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрийг өнгөрсөн оны 11 дүгээр сард Ази, Номхон далайн 15 орон байгуулсан юм. Тодруулбал, Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны /ASEAN/ 10 гишүүн болох Бруней, Камбож, Индонез, Малайз, Мьянмар, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнамаас гадна гишүүн бус Япон, БНХАУ, БНСУ, Австрали, Шинэ Зеландын төлөөлөгчид гарын үсэг зурсан билээ.


Харин энэхүү хэлэлцээрийг байгуулах хэлэлцээнд оролцож байсан Энэтхэг улсын хувьд БНХАУ-тай хийж буй худалдааны алдагдал улам нэмэгдэж болзошгүйг харгалзан хэлэлцээрт нэгдээгүй юм.


Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр нь дэлхийн худалдааны хамгийн том нэгдэл бөгөөд дэлхийн нийт дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувийг бүрдүүлж, дэлхийн нийт хүн амын гуравны нэгийг хамарч байна.


Энэхүү хэлэлцээрийг “ASEAN”-ы зургаан гишүүн болон бусад гурван орон соёрхон баталснаар хүчин төгөлдөр болно. 

Related news