Хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-07-31 09:04:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал болон АНУ-ын Энэтхэг-Номхон далай дахь Хуурай замын цэргийн командлал хооронд хамтын ажиллагааны протоколд өчигдөр гарын үсэг зурлаа. 

Хоёр талын зэвсэгт хүчний командлалын 3 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт өнгөрсөн 5 дугаар сард цахимаар болсон юм. Тэгвэл энэ удаа өмнөх зөвлөлдөх уулзалтын хүрээнд зохион байгуулахаар шийдвэрлэсэн  ажил, арга хэмжээг хоёр тал ийнхүү зөвшилцөж, тохиролцсоны дагуу  нэгдсэн протокол үйлдэн баталгаажууллаа.

АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атшашегийн орлогч дарга, хошууч С.Смолли хэлэхдээ, “2019 онд болсон зөвлөлдөх уулзалтаар хамтран хийж хэрэгжүүлэхээр цөөнгүй сургалт, дадлагууд төлөвлөсөн. Гэвч дэлхий нийтээр тархсан цар тахлын нөхцөл байдлын улмаас зарим нь хэрэгжээгүй. Харин энэ удаа өмнөх төлөвлөсөн цэргийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах, харилцан туршлага солилцох сургалт, дадлагуудаа үргэлжлүүлэх саналтай байна. Энэ нь мэдээж цар тахлын нөхцөл байдалтай мөн л уялдана” гэв.


Тэрээр Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатарт 2021 онд явагдах зөвлөлдөх IY дэх уулзалтыг  АНУ-д зохион байгуулах саналтайгаа буйг уламжилж, урилгыг нь гардуулан өгсөн юм.

Өнгөрсөн 5 дугаар сард зохион байгуулсан зөвлөлдөх уулзалтаар хоёр тал хэд хэдэн чиглэлээр тохиролцсон ба Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалд байгуулах Англи хэлний сургалтын төвийг техник, тоног төхөөрөмжөөр хангах, хоёр тал уулын болон усны хамтарсан сургалт, дадлагыг явуулах зэрэг командлал хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ярилцсан юм. 

Протокол зурах ёслолд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын ахлагч, тэргүүн ахлагч Д.Мөнхбаяр, тус командлалын Цэргийн сургалт, соёл хүмүүжлийн хэлтсийн дарга, хурандаа Б.Батмөнх нар байлцлаа гэж Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас мэдээллээ.


Related news