Өршөөл зохисонгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-01-06 16:25:02

Сэлэнгэ аймгийн хэмжээнд гэр бүлийн хүрээнд ууж согтуурах, маргалдах, бие биендээ гэмтэл учруулах хэрэг буурахгүй байна хэмээн аймгийн Прокурорын газраас мэдээллээ.

Тухайлбал өнгөрсөн сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж, галт зэвсэг хэрэглэхийг завдсан хэрэг гарчээ. Уг хэргийг сэжигтэн Б.О гэгч  үйлдсэн байна. Тэрээр 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.3, 181.2.4, 181.2.5-д зааснаар 3 жил 2 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,  2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан нэгэн аж. Хэрэг гарсан өдөр тэрээр гэртээ хамтран амьдрагчийнхаа толгойн тус газарт данхаар цохиж танхайрч, дуудлагаар очсон цагдаагийн алба хаагч нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн байна. Түүнчлэн скиз маркийн бууг цэнэглэж, амь насыг нь хохирооно хэмээн заналхийлэн танхайрчээ. Одоогоор түүний энэхүү үйлдэлд нь Эрүүгийн Хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ.

Иймээс аймгийн Прокурорын газраас аймгийнхаа нийт иргэддээ аливаа баяр ёслолыг архигүй тэмдэглэн өнгөрүүлж байх, архигүй сум, хамт олон болох хөдөлгөөн өрнүүлэх, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэх, бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардах зэрэг аливаа хуульд заасан харш үйлдэл гаргахгүй байхыг уриалж байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Related news